УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонссон.Монгол Улсын Засгийн газар Францын Засгийн газраас зээл авч үндэсний хиймэл дагуултай болох төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. ТЭЗҮ-ээр нийт зардал нь 212.9 сая евро. Үүнээс гадна хиймэл дагуулын хөөргөлт 58 сая евро, зөвлөх үйлчилгээ 3 сая евро, даатгал 40 сая евро байхаар төлөвлөжээ. Мөн үүн дээр ажиглалтын зардалд нэмэгдэнэ. Нэг жилд 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро байна. Ингээд нийт зардал 328 сая евро байх аж. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Анар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар ширүүхэн маргаан өрнүүлэв.УИХ-ын гишүүн Ч.Анар: Би 24 жил энэ салбарт ажиллаж байгаа, гурван улсад хиймэл дагуул угсарч байсан туршлагатай инженер хүн. Н.Учрал сайдын танилцуулж байгаа малчин өрхөд интернэт хүргэнэ, 5G, цаг агаар, гамшгийн мэдээлэл гэх мэт ийм олон төрөлт хиймэл дагуул дэлхий дээр хана ч байхгүй. Тодорхой мэдээлэл эхнээсээ өгөхгүй бол дараа нь энэ хэрэгжихгүй байх асуудал үүснэ. Ямар хиймэл дагуул болохоор ийм олон төрөлт байгаа юм бэ.260 мянган малчдад интернэтийн үйлчилгээ хүргэх гээд байгаа. Өндрийн хиймэл дагуул маш том. 1.1-1.4 метр тавган антенаар интернэтэд орно. Энэ нь өндөр өртөгтэй. Дээрээс нь Ddish-г бодвол мэргэжлийн инженер тохируулдаг. Тэгэхээр малчин өрхөд эдийн засгийн өртгийн хувьд болоод технологийн хувьд хүртээмжгүй. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь тайлбарлаж өгмөөр байна.