УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй эрчим хүчний салбар болон хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын 2-т бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Тэрээр Монгол Улсын эрчим хүчний салбарт 14 жил ажиллаж байгаад сүүлийн 10 жил Австрали улсад эрчим хүчний чиглэлээр сурч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн байна.
Эрчим хүчний салбараа түрүүлж хөгжүүлж байж бид бусад салбарын хөгжлийн тухай ярина
-Монгол улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, төсвийг УИХ-ыг хэлэлцэж байна. Ирэх жил эрчим хүчний салбарт ямар төслүүд хэрэгжүүлэхээр байна вэ?
-Монгол улсын 2025 оны Хөгжлийн хөтөлбөр, төсвийг УИХхэлэлцэж байна. Энэ хөтөлбөрт ирэх жил эрчим хүчний салбарт 24 төсөл хэрэгжүүлнэ гэж тусгасан байна. Үүнээс зөвхөн гурван төслийг улсын төсвөөр, 21 төслийг нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлнэ гэж оруулж ирсэн.
Өнөөдөр манай эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Маш олон аймгийн цахилгаан хангамж найдваргүй байна. Гэтэл бид гадаадын зээл, тусламжийг хүлээж суусаар байтал хэзээ эх үүсвэрийн дутагдлаас гарч, аймаг сумдаа цахилгаан хангамжийн хувьд найдвартай болгох юм бэ. Гадаадын зээл, тусламжийг бүтээхэд маш их хугацаа орно. Хөөцөлдсөөр байтал бараг дөрвөн жилийн хугацаа дуусна. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эх үүсвэрийн дутагдлаас гаргана, аймгуудын цахилгаан хангамжийг найдвартай болгоно, тархмал эх үүсвэрүүдийг барина гэж тусгасан. Гэтэл энэ бүх төслөө гадаадын зээл, тусламжаар барина гээд оруулж ирж байна. Наад захын дамжуулах шугам, дэд станц барих төслүүдээ хүртэл гадаадын зээл, тусламжаар хийнэ гэсэн байна. Тэгсэн хэрнээ улсын төсвийн хэдэн тэрбумын хөрөнгөөр нь зам барина гэж оруулж ирсэн байна. Нийт 3.2 их наяд төгрөгөөр зам барина гэнэ. Зам мөнгө үйлдвэрлэхгүй, харин эрчим хүчний эх үүсвэр ашиглалтанд орсон цагаасаа орлого олж эхэлнэ. Улсын төсвөөр 2025 онд эрчим хүчний 9 шинэ төсөлд 229 тэрбум төгрөг л зарцуулна гэж байгаа нь хангалтгүй байна. Энэ 9 төсөл дотор цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 1 МВт-аар ч нэмэх төсөл алга.
Эх үүсвэрийн дутагдлаас гарахын тулд бид боломжтой бүх нөөцөө л ашиглах ёстой. Тиймээс бага хөрөнгө оруулалт зарцуулдаг, богино хугацаанд барьдаг, эх үүсвэрийг улсын төсвөөрөө бариачээ гээд байгаа юм. Мэдээж их хөрөнгө оруулалт шаардах эх үүсвэрээ гадаадын зээл тусламж, хувийн хөрөнгөөрөө ч барих нь зөв. Ингэж байж л бид энэ салбарыг түрүүлж хөгжүүлнэ. Эрчим хүчний салбараа түрүүлж хөгжүүлж байж бид бусад салбарын хөгжлийн тухай ярина. Гэвч яриад байгаа хэрнээ үйлдэл нь өөр байгааг хараад гайхаж байна.
Би саяхан Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар явлаа. Гэтэл шугаман дээр засвар хийж байгаа гээд цахилгаангүй байна. Энэ гурван аймаг 110 кВ-ын, нэг хэлхээтэй, бетон тулгууртай, хэт урт, насжилт өндөртэй шугамаар цахилгаанаар хангагддаг. Тулгуур унах асуудал маш их гардаг. Өнгөрсөн жил Хархорин дээр 2 удаа тулгуур унахад энэ аймгууд олон хоног цахилгаангүй байсан. Өвлийн тэсгим хүйтэнд насжилт өндөртэй шугаман дээр нь тулгуур унахад энэ аймгууд хөлдөх эрсдэлд байна. Тиймээс энэ аймгууд дээр хөрөнгө оруулалт багатай, 6 сарын дотор барих боломжтой, бага оврын нарны станцыг батарейтэй нь барьж, цахилгаан хангамжийг нь найдваржуулах амин чухал асуудал юм.
Монгол Улс ТЭЗҮ-ийн эх орон болчихож...
-Улсын төсвөөрөө хөрөнгө оруулалт бага шаардах эрчим хүчний эх үүсвэр барих, аймгуудын цахилгаан хангамжийг найдваржуулах санал та гаргасан уу. Дэмжигдэх болов уу?
-Тийм ээ, би зарчмын зөрүүтэй санал гаргаад явж байгаа. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд дээр нарны станцыг батарейтэй нь бариач ээ гээд. Гэхдээ бас л дэмжигдэхгүй шинжтэй юм байна. Учир нь төсвийн хууль дээр ТЭЗҮ, зурагтай төслүүдийг суулгана гэдэг заалттай учраас болохгүй юм байна. Ер нь Монгол Улс ТЭЗҮ-ийн эх орон болчихож. ТЭЗҮ-д маш их мөнгө зарж байна. Хэдэн тэрбумаар нь зарж байна шүү дээ. Энгийн үгээр хэлэхэд ТЭЗҮ гэдэг бол хоёр зүйлийг харьцуулаад техник болон эдийн засгийн хувьд аль нь ашигтай байна вэ гэдгийг харьцуулдаг бичиг баримт. Гэтэл техник, эдийн засгийн хувьд тодорхой төслүүд дээр ТЭЗҮ-д хэдэн тэрбумаар нь зарах ямар шаардлага байна вэ. Зураггүй гээд бас хасагдах шинжтэй. Гэтэл 10 МВт-ын нарны станцыг манай улс олныг барьсан. Тэгэхээр зураг нь бэлэн байгаа. Ялангуяа эрчим хүчний салбарт нэг маягын зураг ашиглаад дэд станцуудыг барьдаг туршлага байдаг. Бусад улс оронд ч мөн жижиг хэмжээтэй, өмнө нь хийгдсэн төслүүдийг дахиж хэрэгжүүлж байгаа бол ТЭЗҮ, зураг дээр хөрөнгө зарцуулдаггүй. Иймд ТЭЗҮ-д мөнгө зарах шаардлагагүй, нэг жишиг зургаа ашиглаад нарны станцыг батарейтэй нь барих бүрэн боломжтой. Дээрх 3 аймаг цахилгаан хангамжийн хувьд ямар найдваргүй байдалд байгааг захын хүн хэлнэ. Гэтэл Тэрэлж рүү 200 тэрбумаар зам тавина гээд сууж байдаг.
Ажлын хэсэг дээр намайг “зарчмын зөрүүтэй саналаа тат” гэсэн. Би татахгүй гэсэн. ТЭЗҮ, зураггүй учраас хаслаа, хэлэлцэх боломжгүй гэдэг юм байна. Гэтэл ТЭЗҮ хийх шаардлагагүй төслүүд дээр бид ТЭЗҮ-д мөнгө зарах ямар хэрэг байгаа юм бэ.
-Тэгвэл Хөгжлийн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна?
-Тийм. ТЭЗҮ шаардлагагүй техник, эдийн засгийн шийдэл нь тодорхой, харьцуулах өөр юмгүй, жижиг оврын төслүүд дээр ТЭЗҮ ямар хэрэгтэй юм вэ. ТЭЗҮ хийлгэж байна гээд цаас үйлдвэрлээд л байдаг. Ашигладаг ч үгүй. Түүний оронд зургандаа мөнгө зарвал болж байгаа юм. Би зарчмын зөрүүтэй саналаа татахгүй. Харин гишүүдийн хэн нь энэ гурван аймаг, энэ олон сумын цахилгаан хангамжийг найдваржуулаас татгалзаж, Тэрэлж рүү зам тавихыг дэмжих вэ гэдэг анхаарал татаж байна. Энэ бол түүхэнд үлдэнэ. Өнөөдөр бид ард иргэдийнхээ амьдралын нөхцөлийг сайжруулах, цахилгаан, дулаан хангамжыг найдваржуулахын төлөө л явах ёстой. Гэтэл хуулиндаа буруу буюу хатуу заалттай. Тэрийг бариад “өө боломжгүй юм байна” гээд дөрвөн жил зүгээр суувал үнэхээр харамсалтай.
Тарифыг нь тохирох гэж хэрэлдэж хэлэлцэж, хэрэггүй зүйл дээр ТЭЗҮ хийх гэж суусаар, гаднын зээл тусламжийг бүтээх гэж гүйсээр байтал энэ дөрвөн жил дуусна.
М.Энхцэцэг
-Та энэ салбарт олон жил ажиллаж байсан хүн. Ер нь улсынхаа эрчим хүчний салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ. Нэг улсаас хараат байх нь энэ бүх сөрөг үр дагаврын шалтгаан уу?
-Бид хараат гэж ярьж болохгүй. Аливаа эрчим хүчний систем найдвартай ажиллагаагаа хангах олон төрлийн аргуудыг ашигладаг. Түүний нэг арга нь бусад эрчим хүчний системтэй холбоотой шугамтай байх. Тиймээс ОХУ-тай холбоотой шугам нь зүгээр л манай эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах нэг төрлийн арга нь. Энэ аргаас гадна тухайн систем өөрөө системийнхээ найдвартай ажиллагааг хангах эх үүсвэрүүдтэй байх ёстой. Эх үүсвэр тасарлаа, шугам зогслоо гэхэд түүнийг богино хугацаанд нөхөх хэмжээний нөөцүүд нь дотооддоо байх ёстой. Энэ бүх аргууд нь байхад тухайн системийн тогтвортой ажиллагаа хангагддаг. Бусад улс орон ч энэ аргаар л явж байгаа. Аль болох олон гадны сүлжээтэй, систем холбох шугамтай байх ёстой юм.
Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал бол эх үүсвэрийн дутагдал. Өнгөрсөн өвөл хүн бүхэн биеэрээ мэдэрсэн шүү дээ. Тэгэхээр эх үүсвэрийн дутагдлаас гарах нь энэ салбарын тэргүүн асуудлын нэг. Бөөрөлжүүтийн станц ашиглалтад орууллаа, Баян суман дээр 600 мегабайтын эх үүсвэрийн шавыг тавилаа, болж байна. Гэхдээ энэ нь хангалтгүй. Яагаад гэхээр нийгмийн хөгжилтэй холбоотойгоор хэрэглээний өсөлт маш их байгаа. Хэрэглээ жилд бараг 200 МВт-аар өсөж байгаа. Тиймээс хоёр станц барьчихлаа болно гэж бодож болохгүй. Жижиг оврын тархмал эх үүсвэрийг аймаг, сумын төвүүдэд барих хэрэгтэй. Бөөрөлжүүт, Баян сум дахь эх үүсвэрүүд Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудын цахилгаан хангамжийн найдваргүй байдлыг шийдэж чадахгүй.
Уг нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт том чадлын эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг барина гээд маш сайхан заалтууд суусан. Гэтэл энэ бүх төслүүдээс бага хөрөнгө шаардахыг нь боломжоороо улсын төсвөөрөө хийхгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, гаднын зээл, тусламжаар хийнэ гэвэл ирэх дөрвөн жил энэ гоё хөтөлбөр хэрэгжиж амжихгүй. Тарифыг нь тохирох гэж хэрэлдэж хэлэлцэж суусаар, хэрэггүй зүйл дээр ТЭЗҮ хийх гэж суусаар, гадны зээл тусламжийг бүтээх гэж гүйсээр байтал энэ дөрвөн жил дуусна.
Том, том төслөө гаднын зээл тусламжаар хийх нь зөв, үүнийг ойлгож байгаа. Гэтэл багахан мөнгө зарцуулаад цахилгаан хангамжаа найдваржуулаад явах төслүүдээ улсын төсвөөрөө хийгээд явах нь зөв шүү дээ.
-Хамтарсан Засгийн газар байгуулахдаа эрчим хүчний салбарыг либералчилна гэж зарласан. Гэтэл либералчилна гэж зөвхөн үнэ нэмэх асуудлыг яриад байгаа. Ер нь эрчим хүчний салбарыг либералчилна гэдэг ямар ойлголт вэ?
-Эрчим хүчний салбар маш олон жил нийгмийн хариуцлагыг нуруун дээрээ үүрч явсан. Үйлдвэрлэсэн өртгөөсөө маш хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж ирсэн. Үүний үр дүнд энэ салбар өрөндөө баригдсан, эх үүсвэрүүдээ барьж чадахгүй, тоног төхөөрөмжүүдээ шинэчилж чадахгүй хэмжээнд хүрсэн. Сүүлдээ бүр энэ салбарт ажилладаг, олон жил бэлтгэсэн инженер, техникийн ажилтнуудаа алдаад эхэлсэн. Энэ хүнд нөхцөл байдлаас гаргах гарц бол үнэ тариф нь өртгөө нөхдөг хэмжээнд хүргэх. Гэхдээ үнийг чөлөөлнө гээд шатахууны үнэ шиг хандаж болохгүй. Ерөөсөө л өртгөө нөхдөг, тодорхой хэмжээний ашгийн түвшинг хэмжээнд хүргэх хэрэгтэй. Чөлөөлнө гээд зах зээлийн зарчмаараа явна гэсэн ойлголт биш юм. Энэ салбар онцгой салбар. Энэ салбарын үнээс эдийн засаг, нийгмийн бүх зүйлийн үнэ тодорхойлогддог. Тиймээс эрчим хүчний салбарын үнэ тариф тохируулгатай буюу зохицуулалттай явдаг. Олон улсад ч ийм байдаг. Олон улсад цахилгаан эрчим хүчний үнийг заавал Эрчим хүчний зохицуулах хорооноос зохицуулж явдаг.
Том, том төслөө гаднын зээл тусламжаар хийх нь зөв, үүнийг ойлгож байгаа. Гэтэл багахан мөнгө зарцуулаад цахилгаан хангамжаа найдваржуулаад явах төслүүдээ улсын төсвөөрөө хийгээд явах нь зөв шүү дээ.
М.Энхцэцэг
-Тэгвэл үнийг чөлөөлнө гээд төр оролцохгүй, зохицуулахгүй байж болохгүй юм байна?
-Тийм ээ, чөлөөлнө гэдэг үгийг хүмүүс буруугаар ойлгоод шатахууны үнийг хэдэн компаниуд тодорхойлоод явдагтай ижил болно гэж бодоод байх шиг. Тийм зүйл байж болохгүй. Энэ бол зохицуулалттай явдаг салбар. Дэлхийн туршлага ч ийм. Яагаад гэвэл эрчим хүчний үнэ бол эдийн засгийн суурь үнэ юм.
Манай эрчим хүчний салбарын ихэнх компани төрийн өмчийн компани байна. Төрийн өмчит компаниудын гүйцэтгэл ямар байдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс энэ салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь реформын нэг ажил. Манай улс 2001 онд Эрчим хүчний тухай хууль батлаад реформыг хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн 150 гаруй оронд энэ реформ хэрэгжсэн юм билээ. Энэ реформ дөрвөн зорилготой байсан. Нэгд, бүтцийн өөрчлөлт хийгээд босоо байсан тогтолцоог хэвтээ болгоод олон компаниуд бий болгох. Үүний хүчинд бид үйлдвэрлэх, дамжуулах, түгээх гэж салгаад компаниуд бий болгосон.
Хоёрт, үнэ тарифыг зохицуулдаг Эрчим хүчний зохицуулах газрыг байгуулсан.
Гуравт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх. Хувийн хэвшлийг энэ салбарт оруулж ирснээр тухайн салбарыг бизнесийн зөв зарчимтай, засаглал нь сайн, ил тод, ашгийн төлөө явдаг, хэрэглэгчээ дээдэлдэг гээд олон давуу бий болно.
Дөрөвт, өрсөлдөөнийг бий болгох. Үйлдвэрлэх, хангах талдаа өрсөлдөөнийг бий болгож байж, зэх зээл дээр боломжит хамгийн бага үнэ тогтдог нь дэлхийн туршлага. Эрчим хүчний салбар нь амжилттай ажиллаж байгаа бусад улс орон энэ л туршлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн хоёр шинэчлэлийг бид хэрэгжүүлж чадаагүй. Үүнийг хэрэгжүүлж байж эрчим хүчний салбар хэлээд байгаа бүх хямралаас гарч, зөв зам руугаа орно.
-Тэгвэл хамтарсан Засгийн газар байгуулсан энэ үед эдгээр шинэчлэлийг эхлүүлж чадах болов уу?
-Эдгээр ажлыг хийхийн тулд Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний реформын үндэсний хороог байгуулсан. Энэ хороо таван зүйл дээр төвлөрч ажиллах зорилт тавьсан. Нэгд, энэ салбарын үнийг өртгөө нөхдөг хэмжээнд хүргэх. Хоёрт, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байгаа. Гуравт, энэ салбар асуудлаа олон нийтэд таниулж, олон нийтээс дэмжлэг авах нь чухал юм байна. Тиймээс олон нийтийн дэмжлэг авах, пиарын ажлыг С.Цэнгүүн гишүүн ахалж байгаа. Дөрөвт, засаглалыг сайжруулах, шинэчлэл хийх ажлыг Б.Найдалаа гишүүн ахалж байгаа. Тавд, энэ салбарт мега төслүүдийг хэрэгжүүлэх гэсэн зорилтууд тавиад ажиллаж байна.
Эрчим хүчний хуулиудын шинэчлэлтийг хаврын чуулганд өргөн барихаар зорин ажиллаж байна. Эрчим хүчний салбарын хуулийг шинэчлэх шаардлага бий болчихсон. Эрчим хүчний тухай хуулийг 2001 онд батлаад 15 удаа нэмэлт өөрчлөлт хийсэн юм билээ. Гэхдээ 2001 оны хууль 2024 оны эрэлт хэрэгцээг хангахгүй. Тиймээс шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.
Мөн манай хуулиуд их ерөнхий юм билээ. Зөвхөн төрийн байгууллагын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф гээд л дуусчихдаг. Уг нь хууль гэдэг бол миний бодлоор тухайн салбарын оролцогч талуудын хооронд үүсээд байгаа харилцааны хэм хэмжээг зохицуулж өгөхийг хэлнэ. Гэтэл манай хуулиуд гол төлөв төрийн байгууллага бусадтай харьцах хэм, хэмжээг зохицуулдаг. Ийм ерөнхий байснаар бодит амьдрал дээр хуулиас давсан журмууд их болох үндэс болсон. Захын дарга хуулиас давсан журам батлаад хүнээс мөнгө хураагаад сууж байна. Ийм байдалд энэ салбар руу хэн хөрөнгө оруулах юм бэ. Хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, ихэнх харилцаанууд нь журамаар зохицуулагдсан салбар руу ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү дээ. Бусад улсын хуулийг харахаар маш олон хуудастай байдаг. Журмаар зохицуулаад байгаа харилцаануудыг хууль руугаа суулгаад, нарийвчилж өгдөг гэсэн үг. Журам бол маргааш ч өөрчлөгдөнө. Иймд тухайн салбар дахь харилцаанууд нь аль болох хуулиар зохицуулагддаг, хууль нь тогтвортой бол тухайн салбар руу хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ.