УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газар зудад нэрвэгдсэн малчдын амьжиргааг тэтгэх, уламжлалт мал аж ахуйг дэмжих үүднээс "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг санаачлан хэрэгжүүлсэн. Ингэхдээ малчдад жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгож буй. 2024 оны дөрөвдүгээр сараас олгож эхэлсэн Шинэ хоршооны зээлд 3900 гаруй хоршооны 15 мянга орчим малчин 517 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Мөн ирэх онд Шинэ хоршооны зээлд зориулж төсвийн төсөлд 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суулгаж байгаа аж.
Тэгвэл малчдад олгож буй хоршооны зээл чухам юунд зарцуулагдаж байгаа, яг уламжлалт мал ахуйг дэмжихэд чиглэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Зориулалтын бусаар ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Тэгж хардах өнцгийг саяхан Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар орон нутгийн сонгуулийн үеэр иргэдтэй уулзахдаа илэрхийлж байсан.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 800 гаруй мянган автомашин оролцож байгаа нь өөрөө даацаасаа хэтэрсэн. Тиймээс өндөр насжилттай автомашины импортын татварыг нэмэгдүүлэх, Улааанбаатарт улсын дугаар олголтыг хязгаарлах зэрэг арга хэмжээг авч, нийслэлд явж байгаа автомашины тоог буруулахыг зорьж буй. Гэтэл бодит байдал дээр импортоор орж ирэх автомашины тоо эрс өсчээ.
Үүнийг хотын дарга Х.Нямбаатар, иений үнэ унасантай холбоотойгоор ченжүүд их хэмжээний таталт хийж байна. Нөгөө талд нь Шинэ хоршоо хөтөлбөрөөр дамжуулж малчдад олгосон зээлийн багагүй хэсэг приус болсон байх магадлалтай гэдгийг тодотгожээ.
2024 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын импорт өмнөх оныхоос 26 хувиар өссөн байна. Импортын өсөлтийн дийлэнх хөрөнгө оруулалт дагасан худалдан авалт, нөгөө нь суудлын автомашины худалдан авалт эзэлж байна. Тухайлбал, 2024 оны есдүгээр сарын байдлаар 93 мянган суудлын автомашин импортоор орж ирсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 60 гаруй хувиар өссөн байна. Өмнөх жилүүдэд жилдээ 50-60 мянган автомашин импортоор орж ирдэг байжээ. 2024 оны эцэс гэхэд импортын автомашины тоо 100 мянга хол давна гэдэг тооцоог Монголбанк хийсэн байна.
Монголчууд 2024 оны эхний есөн сарын байдлаар 812 сая ам.долларыг гадаад улсаас суудлын автомашин худалдан авахад зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын нөөцөөс бараг тэрбум доллар автомашины худалдаагаар гадагшилсан гэсэн үг. Энэ нь эргээд валютын нөөц багасах, цаашлаад Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой зөрчилдөж байгаа юм.
Мөн зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэж, зээл гаргалт эрчимжиж байгаатай холбоотойгоор зориулалтын бус зарцуулалт, хяналтгүй худалдан авалтууд цэцэглэж байгааг ч үгүйсгэхгүй юм.