Open iToim app
Эрүүл мэнд | 8 мин уншина

Г.Одонцэцэг: Ковидын уршиг зүрхэнд нөлөөлж байна

Г.Одонцэцэг: Ковидын уршиг зүрхэнд нөлөөлж байна
Нийтэлсэн 29 минутын өмнө
Уламжлалт анагаах ухааны эмч Г.Одонцэцэгтэй зүрхний өвчний талаар ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухааны онолоор зүрх хэрхэн ажилладаг эрхтэн болохыг уншигчдад тайлбарлахаас яриагаа эхэлье?
-Уламжлалт анагаах ухаанд зүрх хэмээх эрхтнийг таван цулын нэг гэж үздэг. Хүний зүрхийг биеийн хаан адил гэж зүйрлэдэг.  Таван  цул, зургаан савын хаан адил нь зүрх. Хаан адил гэдгийн учир нь зүрхэнд хүний гол сүнс оршиж байдаг. Тэр сүнс нь амь нас, сэтгэл, оюун бодол, мэдлэг, мөн үйлийн үрийн хуримтлалыг тээдэг. Зүрх гээч эрхтэн хүний биеийн цусыг эргэлдүүлдэг, биеийн гол амин сүнс. Зүрхэнд хий, шар, бадган гэсэн гурван махбодын хий махбод зонхилон оршиж байдаг. Хий дундаас ялангуяа түгээгч хийний нэгдэл зүрхэнд оршиж байдаг. Түгээгч хий нь цусыг бүх биед эргэлдүүлж, түгээдэг. Мөн зүрхэнд биеийн гол сүнс оршиж байдаг гэх утгаараа ой санамж, дурдлын хүрд төвлөрдөг. Зүрхэнд оршиж байгаа гол сүнс хараа, сонсгол, үнэрлэх эрхтэн, амтлах, хүрэлцэхүй, мэдрэхүйн эрхтнүүдтэй уялдаж, хүний биеийн бодол сэтгэлийн үйл ажиллагааг хариуцдаг.
-Сүүлийн үед таны ажигласнаар зүрхний ямар өвчин зонхилон тохиолдож байна вэ. Ковидоос хойш зүрх нь асуудалтай болсон талаар цөөнгүй хүн ярьж байна. Ковид үнэхээр зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх өвчин үү?
-Янз бүрийн өвчин үүсэх шалтгаан, нөхцөлийн улмаас зүрх өвчилдөг. Төрөлхийн зүрхний бүтцийн өөрчлөлт, гажигтай хүмүүс ч байна. Олдмол өвчнүүд бол янз бүрийн шалтгаан, нөхцөлийн улмаас шалтгаалж үүсдэг. Дээр хэлсэнчлэн зүрх бол амин хийн оршихуй, хийний гол эрхтэн. Сүүлийн үед ковидтой холбоотой зүрхний эмгэг ихсээд байгаа талаар хүмүүс ярьж байна. Ковид бол халдварт халууны өвчин. Халуун өвчнийг уламжлалт анагаах ухаанд
  • Халдварын гаралтай,
  • Шарын хямралаас үүдэлтэй,
  • Бэртэл гэмтлээс үүдэлтэй,
  • Хордлогын шалтгаант гэж 4 ангилдаг.
Ковид гэх өвчин халдварын гаралтай халуун өвчний ангилалд нь багтана. Халдварын гаралтай халуун өвчний эхэн, өрнөл болон төгсгөлд хийн махбодын хямрал хавсардаг. Ковидын үед зөвхөн вирусийг устгаж, халууныг бууруулах эмчилгээ хийж, харин хийн хямралыг мэдэхгүй, эмчлэхгүй үлдээсэн гэсэн үг. Ийм учраас ковид зүрхэнд нөлөөлөөд байгаа юм. Хийн хямрал бол халдварт өвчин болгоны төгсгөлд түрж орж ирдэг. Ингээд ковидын төгсгөл, хийн үеийг анзаараагүй. Ерөнхийдөө уламжлалт анагаах ухаанд ковидыг дутуу эмчилсэн гэж үзнэ. Уламжлалт анагаах ухаанд халдварын гаралтай өвчнийг эмчлэхдээ хийн хямралыг анхаарч үзэж, түүнийг нь давхар эмчилдэг. Орчин үеийн шинжлэх ухааны ойлголтод хийн хямрал гэдэг ойлголт байхгүй учраас эмчилгээг тасалж, сүүлийн эмчилгээг хийлгүй дутуу орхисон. Халдварт халуунаас улбаатай хийн хямрал, зүрхэнд оршиж байгаа амин хийн хямралтай хавсраад зүрхэнд маш их нөлөө үзүүлж байна. Тэгэхээр хий хямрах болон хий ихсэх тохиолдолд зүрхэнд эмгэг, өөрчлөлтүүд үзүүлдэг гэсэн үг.
quote photo
Сүүлийн үед залуус нойрны хэмнэлээ маш ихээр алдагдуулж байна. Шөнийн цагаар унтахгүй байх нь ихэсжээ. Унтах ёстой цагтаа унтахгүй байхаар био хэмнэлийн алдагдал үүсч, хүний насжилтад маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр өдөр унтаад, шөнө унтахгүй байх зэрэг нь био хэмнэлийг алдагдуулдаг. Ийм шалтгаануудаас хийн хямрал нь даамжирсаар амь насаа алдахад хүргэж байна .
-Насаар нь авч үзвэл зүрхний өвчлөл хэдэн насныханд илүүтэй тохиолдож байна вэ?
-Зүрхний өвчлөл бол халдварт халууны шалтгаантай, халдварт халууны сүүлийн, хоосорсон үе бүх насныханд тохиолдоно. Ковидоор өвчилсөн бүх насныханы эдгэрэлтийн үед хийн хямрал явагдана. Мөн халуун архагшаад үлдчихсэн тохиолдолд цустай хавсарч, цусыг өтгөрүүлдэг. Үүнээс болоод цусны халуун хийн хямралтай хавсарч зүрхний үйл ажиллагааг хямраах тохиолдол маш их ажиллагдаж байна. Бид хийн хямралуудыг таниад, оношилгоо, эмчилгээ хийлгэвэл амин хийн хямралыг тэгшитгэж, анагаан эдгээх боломжтой.
-Харамсалтай нь сүүлийн үед залуу хүмүүс орой унтаад л өглөө сэрэхгүйгээр хорвоог орхих тохиолдол гарах болжээ. Та үүний шалтгааныг уламжлалт анагаах ухааны үүднээс тайлбарлаж өгөхгүй юу?
-Хийн хямрал маш их даамжирсны нөлөө л тэр. Үүрээр хий хөдлөх цагаар хийн хямрал амин хийн гүйдлийг тасалж амьсгал, зүрхний цохилтыг зогсоочхож байгаа юм. Эв эрүүл хүн унтаж байгаад нас барна гэж байхгүй. Очин үеийн оношилгооны аппаратаар зүрхний хий, амин хийн хямрал оношлолддоггүй. Ер нь хийн хямралыг оношлох оношилгоо, онол орчин үеийн шинжлэх ухаан, анагаах ухаанд байхгүй. Сүүлийн үед залуус нойрны хэмнэлээ маш ихээр алдагдуулж байна. Шөнийн цагаар унтахгүй байх нь ихэсжээ. Унтах ёстой цагтаа унтахгүй байхаар био хэмнэлийн алдагдал хүний насжилтад маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр өдөр унтаад, шөнө унтахгүй байх зэрэг нь био хэмнэлийг алдагдуулдаг. Ийм шалтгаануудаас хийн хямрал нь даамжирсаар амь насаа алдахад хүргэж байна гэсэн үг. Үүрийн 3:40-4:00 цагаас хий ихэсдэг хамгийн идэвхитэй үе. Миний ажиглаж байгаагаар залуусын дунд орой унтаад өглөө сэрэхгүй байгаагийн эхний шалтгаан нь ковидийн сүүлийг ужгируулж, хийг хямраасан. Хоёр дахь шалтгаан нь био хэмнэлээ алдагдуулсан. Өөрийн гадаад био хэмнэл, дотоод био хэмнэлийн зөрчилдөөнөөс үүсэлтэйгээр хийн гүйдлийг таслаад байна уу гэж ажигласан. Ялангуяа хийн гүйдэл зүрхэнд оршино. Амь баригч хий, түгээгч хий гээд хүнийг амьдруулж байгаа гол хийнүүд зүрхэнд байгаа учраас зүрхний үйл ажиллагааг хийн гүйдэл зогсоогоод байна.
Зүрхний өвчлөлд гаднын шалтгаанаас гадна  тухайн хүний сэтгэл зүйн байдал маш их нөлөөлдөг. Гэнэтийн цочролд орох, гэнэтийн хагацал, бэрхшээл тохиолдоход сэтгэл зүйн хямрал шууд зүрхэнд нөлөөлдөг. Тийм учраас бид аливаа гэнэтийн тохиолдолд сэтгэлийн хаттай байж, зүрхээ хамгаалах хэрэгтэй. Мэдээж хүн л юм чинь дандаа жаргалтай байна гэж байхгүй. Зовлон, бэрхшээл тохиолдоно. Сэтгэлийн хаттай байх юм бол зүрхний өвчлөлд өртөх магадлал багасна.
-Мөн залуусын дунд шөнө унтаж чадахгүй бачуурах, зүрх дэлсэх, цочих зэрэг мэдрэмтгий байдлууд ажиглагдах болжээ. Та үүний шалтгааныг тайлбарлаж өгөөч?
-Нойргүйдэл сүүлийн 10-аад жил маш их түгээмэл болчихлоо. Био хэмнэлийн алдагдал үүнд их нөлөөлөөд байгаа юм. Аймхай, цочимтгой, түгшимтгий, уурламтгай, зэрэг сэтгэл зүйн нөлөөлөлд их ороод байна. Энд нэгдүгээр био хэмнэлийн алдагдал нөлөөлж байна. Хоёрт, идэж ууж байгаа хоол унд нөлөөлж байна. Хоол ундны байдал хийн хямралд их нөлөөлж байна. Сүүлийн үед хүмүүс витаминлаг, тэжээллэг гээд жинхэнэ шимгүй хоол ундыг их хэрэглэж байна. Ногоо, жимс бол хамгийн витаминлаг гээд идээд байна. Гэтэл нөгөөх нь харин хийн хямралыг үүсгэж байдаг. Усан, сэрүүн махбодтой хоол ундыг хэрэглээд өөрөө хийгээ маш их хямраагаад байгаа юм. Тэгэхээр бид хий гэдэг махбодыг хямраавал зүрхэнд, сэтгэл зүйд маш их нөлөө үзүүлнэ.
Хийн билиг чанар өөрийн байх хэмжээнээсээ хэтрэх юм бол сэтгэл тогтворгүй болох, нойргүйдэх, айж түгжих, цочимтгой болох зэрэг сэтгэлзүйн эмгэг өөрчлөлтөд орно. Ийм учраас сэрүүн чанарын цай уугаад байна, дандаа хүйтэн савласан ус ууж байна гэх мэтчилэн идэж ууж байгаа хоол унднаасаа хийн билиг чанарыг хямраах нөхцөлийг бий болгоод байгаа юм. Тэгэхээр хоол ундандаа анхаарах хэрэгтэй. Мөн улирлын байдлыг дагаж,  улирлын мөн чанартаа зохицсон хоол хүнс хэрэглээрэй. Би сүүлийн үед 16 цагаас хойш битгий их юм яриарай гэж хүмүүст зөвлөж байгаа. 16 цагаас хойш аль болох гар утас оролдохгүй байхыг хичээх хэрэгтэй. Утас оролдоод, утсаар хүмүүс янз бүрийн ажил хийж байна. Онлайн худалдаа наймаа, банкны гүйлгээ гэх мэт гар утас ашиглах зайлшгүй шаардлага байгаа. Гэхдээ бид утсаар дамжуулан маш олон эерэг болон сөрөг мэдээллийг авч байна. Тэр болгон нь хийг маш ихээр хямрааж байдаг. Секунд, секундээр сэдэв өөрчлөгдөөд байна шүү дээ. Ухаан, сэтгэл тогтворгүй болох нэг шалтгаан нь тэр олон мэдээллийг зэрэг хүлээн авч сэтгэлийн хийн хямралыг үүсгэж байдаг. Гэтэл ном уншихад тодорхой нэг сэдвийн хүрээнд, ухаан зөөлнөөр, алгуураар сэтгэлийн гүйдэл явж байдаг. Сэтгэлийг хямраах, тогтворгүй болгох мэдээллийг бид цахим орчноос авсаар байгаа.
undefined
-Монголчууд бид ямар төрлийн хоол идвэл илүү зохимжтой, биед хэрэгтэй байдаг юм бол?
-Монголчуудын хувьд дөрвөн улиралтай, эрс тэс газар нутагт амьдардаг. Хий, шар, бадганы хур хөдлөх, амирлах, буурах байдлууд болон халуун, хүйтний улиралтай уялдаад хүний биеийн галын илч ихсэж, багасаж байдаг. Монголчуудын уламжлалт хүнс бол уламжлалт анагаах ухааны онолд тулгуурласан Монголын газар нутаг, байгаль, цаг ууртай уялдсан байдаг. Монголчууд өвлийн улиралд идшээ гаргаж бүлээн, тослог, хүнд чанарын хоол иддэг байсан. Зуны улиралд галын илч доройтож, хийн билиг чанар ихэссэн үед цагаан идээгээ идэх гэх мэтчилэн. Бид хаврын улиралд байгаль цаг уур, хүн малын дотоод бие махбод шимгүй болсон байдаг. Тэр үед бид намрын шим тэжээлтэй, өвлийн шим тэжээлтэй байх үеийн хоолоо нөөцөлж байгаад иддэг байсан. Үүцээ задална гээд өвөл хөлдөөж хадгалсан тэр үүцээрээ шим тэжээлээ авдаг байсан ч гэдэг юм уу гэх мэтчилэн улиралдаа тохируулсан хоолыг бид идэх хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн үед хүмүүс маш их ус ууж байна.
Орон байр, хувцсаа усаар цэвэрлэдэг шиг ус их уувал бие цэвэр, эрүүл болно гэсэн үг биш. Биеэ төлжүүлж, шимтэй байлгахын тулд өөрийгөө 5 махбодын бүтэцтэй хоолоор тэжээн тэтгэх хэрэгтэй. 5 махбодын нэг нь ус. Хоол тэжээлийг 100 хувь гэж бодоход 20 хувь нь ус байхаар тооцох хэрэгтэй. Сүүлийн үед дэлхий нийтээр крантны ус, янз бүрийн гүний ч бай ил ч бай усыг муутгахгүйгээр гэрэл, янз бүрийн туяагаар шараад савлаад зарж байна. Түүнийг шууд хүйтнээр нь уух, мөстэй холих зэргээр хэрэглэж байна. Тасалгааны температурт байгаа савласан ус уух нь  хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Сүүлийн 30-аад жилд л энэ савласан ус уугаад л түүнээс үүдэлтэй маш их өвчнийг бий болгож байна. Ер нь бол бид усыг хэрэглэхдээ буцалгаж уух хэрэгтэй. Савласан ус, крантны ус, голын ус ч байсан заавал буцалгах хэрэгтэй. Дан усыг монголчууд унданд хэрэглэдэггүй, хоол тэжээл болгож хэрэглэдэг байсан. Монголчууд ундандаа сүүтэй цай, хярам их хэрэглэдэг байсан шүү дээ.
-Намрын улиралд сэдэрдэг өвчин байдаг уу. Уламжлалт анагаах ухааны үүднээс тайлбарлавал?
-Намрын улиралд идэвхэждэг, сэдэрдэг, үүсэх эрсдэлтэй өвчнүүд бий. Намрын улирал хүний биед шарын билиг чанарыг ихэсгэж байдаг. Шарын билиг чанар голлон оршиж байдаг эрхтнүүдийг өвчлүүлэх, тэдгээр эрхтнүүд халуун шарын өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг. Нүд бол халуун гал махбодтой эрхтэн. Халдварт өвчнүүд намрын улиралд идэвхжих эрсдэл өндөр байдаг. Элэгний өвчин, цөсний өтгөрөлт, цөсний чулуу, цөсний өвчин үүсэх эрсдэлтэй байдаг. Ерөнхийдөө цус шарын билиг чанар зонхилон оршдог эдгээр эрхтнүүд өвчлөх эрсдэлтэй. Архаг өвчтэй хүмүүсийн өвчин сэдрэх эрсдэлтэй улирал. Намар бол хавартай харьцуулахад халуун, бүлээн, тослог чанарын улирал. Хаврын улирлын халуун, намрын улирлын халуун хоёрын ялгаа нь нэг нь хуурай нүнжиггүй байдаг бол нөгөө нь тослог, бүлээн, нүнжигтэй чанартай байдаг. Тэгэхээр хавар туссан өвчнүүд хийгээс сэрвэлзэж, хавар хүрсэн ханиад хийн эрхтнүүдийг илүүтэй өвчлүүлдэг бол намрын ханиад арай зөөлөн байдаг. Улирлын мөн чанартай уялдаад хүний биеийн дотоод өвчлөл өөр өөр байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
 
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн