Азийн хөгжлийн банк (АХБ) болон Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны хөрөнгө оруулалтаар ХААН Банк “Ногоон бондын хөтөлбөр”-ийн хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа ам.долларын Ногоон бонд гаргах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 6-р сард баталсан ХААН Банкны “Ногоон бондын хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг 2 үе шаттайгаар татахаар төлөвлөснөөс 2023 оны 12-р сард эхний ээлжинд Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа нийт 5 сая ам.доллартай тэнцэх 17 тэрбум төгрөгийн Ногоон бондыг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалсан билээ. Тэгвэл тус хөтөлбөрийн удаах үе шат болгон стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан санал болгож буй 25 сая ам. долларын Ногоон бондод ХААН Банкны урт хугацааны түншүүд болох АХБ болон ЕСБХБ-наас тус бүр 12.5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийлээ.
ХААН Банк дотооддоо Ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын хөрөнгийн зах зээлд олон улсын стратегийн хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү бондын эх үүсвэр нь ХААН Банкны ногоон зээлийн багцыг өсгөхөд хөшүүрэг болохоос гадна Монгол Улсын санхүүгийн зах зээлийнтогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж буй.

Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкнаас энэхүү бондын “ногоон” шинж чанар болон санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын өмнө бондын эх үүсвэрийн ашиглалтаа тайлагнах үүрэг амлалтыг тусгасан баримт бичиг болох “Ногоон бондын санхүүжилтийн хүрээ”-г Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоо (ICMA)-ны “Ногоон бондын зарчим”, ТоС холбооны “Монголын ногоон санхүүжилтийн таксаноми” зарчимд нийцүүлэн боловсруулсан юм. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах үйл ажиллагааны андеррайтераар үнэт цаасны “БиДиСЕК ҮЦК” ХК ажилласан билээ.