Засгийн газар 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.5 хувь, нийт зарлагын хэмжээг 35.6 их наяд төгрөг буюу 37.5 хувь, төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байхаар төлөвлөжээ. Ирэх оны төсвийн зардал энэ оны батлагдсан төсвөөс 5 их наяд төгрөгөөр нэмэгдэж орж ирж байгаа аж.
Төсвийн зардлын өсөлтийн шалтгааныг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ дараах байдлаар тайлбарлалаа.
Тэрээр “2025 онд төсвийн нийт зарлагыг 5 их наядаар нэмэгдүүлж байгаа. Үүн дотроо төсвийн урсгал зардлыг 3.5 их наяд төгрөгөөр нэмж байна. Ирэх оны төсвийн дүр зургийг нь харах юм бол Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийг эхлүүлэхийг зорьж төсвийн төслийг оруулж ирсэн. Түүнчлэн, иргэдэд үзүүлэх зайлшгүй шаардлагатай нийгмийн суурь үйлчилгээний зардлуудыг урьдын адил санхүүжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй чанартайгаар хүргэх зорилгоор зарим төслийг нэмж оруулж ирсэн. Бид нийгмийн суурь үйлчилгээний салбар буюу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын зардлыг улсын дундаж зардлын өсөлтөөс арай илүү өндөр төлөвлөсөн.
Томоохон төслүүдээс дурдвал ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд ахмадуудын тэтгэвэр төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэхээр тооцсон. Энэ нь инфляцын өсөлтийн дагуу худалдан авах чадвараа алдаж байгааг нөхөж байгаа. Иймд цалингийн зардал 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг ахмадуудын тооны өсөлттэй холбоотойгоор тус сангийн зардал 658 тэрбум төгрөгөөр бол нэмэгдэхээр төсөвлөсөн.