Сэтгэцийн эрүүл мэнд дэлхий нийтийн тулгамдсан асуудал болжээ. ДЭМБ-ын тайлан мэдээнд дэлхийд 450 сая хүн сэтгэцийн эмгэгтэй хүн байна гэсэн бол 2019 оны тайлан мэдээнд дэлхийд нийт 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж өссөн байна. Тухайлбал, 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй, 301 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу энэ нь сэтгэцийн эмгэгийн дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Монголд эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдээс 6 дахин илүү байна
Сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг байна. Жишээ нь, стресс түгшүүртэй удаан явах нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, ой тогтоолтын асуудал гээд олон эрсдэл үүсгэж болдог байна. Сэтгэл зүй хувьд цочролд орж, мухардаж явсны эцэст амиа хорлох сонголт хийдэг байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс их байдаг. Үүний шалтгаан нь эрэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, мөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад асуудлаа нээлттэй ярьж чаддаггүй зэрэг байдал нөлөөлдөг гэж судлаачид дүгнэжээ.

СЭМҮТ-ийн эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Нацагсүрэн: Амиа хорлолт бол Монголын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон. Дэлхий дахинд 4 секунд тутамд нэг хүн амиа хорлож нас бардаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Сүүлд 2022 оны статистик тайланд 546 хүн амиа хорлож нас барсан гэж бүртгэгдсэн. Манай улсын 15-29 насныхны осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын дөрөвдүгээр байрт амиа хорлолт ордог. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Амиа хорлож нас барсан тохиолдол Монгол Улс 100.000 хүнд 14.7 гэсэн тоо бий. Энэ нь дэлхий дахинаас дөрөв дахин өндөр үзүүлэлт. Бүсийн орнуудынхаа дунд манай улс амиа хорлолтоор дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн 10 жилээр авч үзэхэд манай улсын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 6 дахин илүү амиа хорлодог гэсэн тайлан мэдээ бий. Амиа хорлож нас барж буй хүмүүсийг дийлэнхийг нь сэтгэцийн эмгэгтэй байсан гэж үздэг. Гэтэл яг сэтгэцийн эмгэгийн улмаас амиа хорлож нас барсан тохиолдол маш бага байдаг. Ерөнхийдөө сэтгэл санааны гэнэтийн цочролын улмаас болж амиа хорлох шийдвэр гаргадаг. Мөн хэвлэл мэдээллээр амиа хорлолтын талаар хэтэрхий дэлгэрэнгүй мэдээлэх нь амиа хорлох талаар бодож байсан хүнд үйлдэл хийх сэдэл өгч байдаг. Хэвлэл мэдээллээр хүний амиа хорлож нас барсан талаар мэдээлэх гэж байгаа бол яаж амиа хорлосон аргыг нь нарийвчлан мэдээлэхгүй байхыг ДЭМБ-аас болон бусад холбогдох байгууллагуудаас зөвлөдөг. 2013 онд дэлхий дахинд хийсэн эрүүл мэндийн судалгаагаар 4 сурагч тутмын нэг нь сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох тухай бодож байсан нь батлагдаж байдаг. Гэвч харамсалтай нь үүнээс 20 дахин их хүүхэд амиа хорлох оролдлого хийж байсан. Манай монголчуудын хувьд амиа хорлох тухай бодож, ярьж буй хүмүүсийг буруугаар ойлгож, ад шоо үзэх хандлагатай байдаг. Тийм ч учраас хүмүүс мэдрэмжээ илэрхийлэхээс санаа зовж, хэн нэгэнд асуудлаа ярьдаггүй. Гэтэл амиа хорлох бодол тээж байгаа, сэтгэл гутралтай, асуудалтай байгаа нэгнээ зүгээр л сонсож өгснөөр тэр хүн өөрөө өөрийнхөө амийг аврах процесст нь тусалж байдаг. Бид бүгд эргэн тойрныхоо хүн, хэн нэгний тулгамдсан асуудал болон хэцүү байгаа байдлыг нь сонсож өгснөөр тэр хүнийг амиа хорлохоос сэргийлэх маш том ажлыг хийж байдаг шүү. Танд хэн нэгэн хүн ирээд өөрт тулгамдаж буй асуудлаа яривал ад шоо үзэж, ялгаварлан гадуурхах бус зүгээр л сонсоод, тэврээд өгөөрэй.