Open iToim app
Сонгууль-2024 | 2 мин уншина

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 11
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Улсын хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл болон бие даагч нар 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм. Мөн нийт 268 нь бие даагч өрсөлдөж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 сая 246 мянган 164 хүн хүн саналаа өгөхөөр байгаа. Үүнээс 1 сая 146 мянга нь орон нутагт, 1 сая 100 мянга нь Улаанбаатар хотод саналаа өгөх аж.
Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан.  Техник хангамжийн хувьд санал тоолох төхөөрөмжийг 1500-гаас дээш сонгогчтой хэсгийн хороод дээр хосоор нь буюу хоёр төхөөрөмж байршуулж байна.  Нийтдээ 2824 төхөөрөмжийг хуваарилж, санал хураахад бэлэн болгосон байна.
Санал авах ажиллагаа эхэлмэгц зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авах бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ.
Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сантай тулган таниулж, сонгогч саналаа өгснийг илэрхийлэх  тэмдэглэгээ хийсэн эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
Гарын хурууны хээгээр нь сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгох бөгөөд цахим болон цаасан архив үүсгэж хадгална.
Санал авах өдрийн 20:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчийн саналыг нь өгүүлнэ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн