Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн өнөөдөр АНЭУ-ын Абу Даби хотод эхэлнэ.
Тус тэмцээнд 29 орны 226 жүдоч барилдахаар мэдүүлэг өгсөн нь “Их дуулга” ангиллын тэмцээний түүхэн дэх хамгийн цөөхөн оролцогчтой тэмцээн болж байгаа юм. Манай улсаас энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам нар зодоглоно.
Түүнчлэн АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой барилдах аж. Харин Б.Нармандах, Б.Алтанцэцэг нар бэртлийн улмаас Абу Дабигийн тэмцээн өнжихөөр болов. “Их дуулга”-д дэлхийн шилдгүүдээс Казахстаны Абиба Абузакинова, Оросын Тамирлан Башаев, Данил Лаврентев, Сабина Гилязова, Мурад Чопанов, Арман Адамиан, Азербайжаны Балабай Агаев, Зелим Ткаев, Мурад Фатиев, Ушанги Кокаури, Нидерландын Майкл Коррел, Жилле Сниппе, Ван Лисхоут, АНЭУ-ын Махмадбек Махмадбеков, Францын Седрик Револ, Астрайд Жнето, Файза Мокдар, Хорватын Лара Цветко, Узбекистаны Мухриддин Тилолов, Тажикистаны Обид Жебов тэргүүтэн мэдүүлэгт багтсан байна.
Эрэгтэйчүүдийн долоон жингээс 73 кг-д хамгийн олон буюу 30 бөх бүртгүүлсэн бол -100 кг-д 15 бөх барилдана. Тэгвэл эмэгтэй долоон жингээс 57, 63 кг-д 15 бөх барилдах бол -78 кг-д ердөө зургаан бөх л зодоглох нь ээ. Тэмцээний медалийн төлөөх барилдааныг С1 телевиз орон даяар шууд дамжуулна.
Дашрамд сонирхуулахад, Олон улсын жүдо бөхийн холбооны 2024 оны хуваарьт багтсан “Их дуулга” ангиллын нэг л тэмцээн үлдлээ. Тэр нь ирэх арванхоёрдугаар сард болох Токиогийн “Их дуулга” юм.