Өнгөрсөн жилийн зудаар 6.6 сая толгой мал хорогдсон байна. Энэ нь нийт мал сүргийн 10 орчим хувь юм. Зуд 2000 оноос хойш таван жил тутамд тохиолддог байсан. Харин энэ зууны дунд үе гэхэд Монгол оронд гурван жил тутамд нэг удаа зуд тохиож, хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг малчдын аж ахуйд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй байна. Түүнчлэн, 10 малчин тутмын 3 нь ядуу амьдарч байгааг тодотгожээ.
Монгол оронд агаарын хэм улам нэмэгдэж, жилийн хур тунадасны хэмжээ хувьсамтгай болох хандлага ажиглагдаж байна. Өмнө нь дунджаар гурван жил тутамд тохиодог байсан үерийн давтамж сүүлийн 10 жилийн хугацаанд илт нэмэгдлээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод оршин сууж буй 200 мянга гаруй буюу нийслэлийн хүн амын 15 орчим хувь үерт өртөхүйц эрсдэлд орсон бөгөөд цаашид хотын хүн амын тоо өсвөл энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Үерт өртөх эрсдэлтэй иргэдийн дийлэнх нь ядуу, үерийн аюулыг даван туулах чадвар дутмаг байна.
Байгалийн капиталын менежментийг оновчтой болгох, ХАА-н салбарын хөнгөлөлт, урамшуулал, татварын системийг шинэчлэх, ойн менежмент, нөхөн сэргээлт хийх, хөдөө аж ахуйн ус ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, замаар хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах; Нүүрсний эрэлт буурах ирээдүйн төлөвт бэлдэх шаардлагатай байна. Түүнчлэн, Монгол Улсыг дэлхийд бусад ашигт малтмал болон холбогдох үйлчилгээний ханган нийлүүлэгч орон болгоход бэлтгэх; Цахилгаан, дулааны тарифын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвөөс олгох татаасыг бууруулах, эрчим хүчний системд учирч буй одоогийн дарамт буюу ачааллыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээнд хөрөнгө оруулах, салхи, нарны эрчим хүчийг ашиглах боломжоор хангах хэрэгтэй. Үүний тулд эрчим хүчний хуримтлал, хадгалалтыг системд нэгтгэж, сүлжээний хүчин чадал, уян хатан байдлыг сайжруулах; Гамшгийн хариу арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлж, дахин тодруулга хийх, хөдөө орон нутагт гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нүүрстөрөгчөөс татгалзах хүчин чармайлтад илүүтэй хяналт тавьж, тайлагнах зэрэг багтсан багтжээ.