МИД-ын 2023 оны даатгалыг Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, МИГ даатгал ХХК, Монгол даатгал ХК, Мөнх даатгал ХХК , Практикал даатгал ХХК,, Хаан даатгал ХХК зэрэг долоон компаниар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30, Хаан болон Төрийн банкаар зуучлуулан тус оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулсан билээ.
Дээрх хугацаанд нийт 330 сумын 35 мянга гаруй малчин өрхийн, 149 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 7 сая толгой малыг даатгалд хамруулж, 4,9 төгрөгийн хураамжийг төвлөрүүлсэн юм.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 6.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооноос 2023 оны хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээг 6 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн эхний хагас жилийн мал тооллогоор Монгол Улсын хэмжээнд нийт малын 14.1 хувь буюу 9,1 сая толгой мал хорогдсон байна. Хамгийн өндөр хорогдол нь Сүхбаатар аймагт 48.1 хувь, Говьсүмбэр аймагт 40.1 хувь, Дорноговь аймагт 28.9 хувь, Хэнтий аймагт 27.3 хувь, Архангай аймагт 21.6 хувьтай байжээ.
Мал тооллогын албан ёсны дүн мэдээнд үндэслэн нөхөн төлбөрийн тооцоолол хийхэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ,Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгийн 218 сум болон Улаанбаатар хотын 4 дүүргийн 22 мянга гаруй малчин өрхөд 16,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоор боллоо. Даатгалд хамрагдсан малчин өрхийн 62 хувь нөхөн төлбөр авах бөгөөд нийт өрхийн 59 хувь буюу 13,017 малчин өрх 500 мянган төгрөг хүртэл, 18 хувь буюу 3,983 малчин өрх 500 мянган төгрөгөөс 1.0 сая төгрөг хүртэл, 22 хувь буюу 4,805 малчин өрх 1.0 сая төгрөгөөс 5.0 сая төгрөг хүртэл, 203 малчин өрх 5.0 сая төгрөгөөс 10.0 сая хүртэлх, 15 малчин өрх 10.0 сая төгрөгөөс 15.0 сая төгрөг хүртэл, 10 малчин өрх 15.0 сая төгрөгөөс 66.0 сая хүртэлх нөхөн төлбөр авахаар байна. Хамгийн өндөр нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин өрх 83 сая төгрөгийн нөхөн төлбөр авч байна. МИД-ын нөхөн төлбөрийг 10 сардаа багтаан бүрэн олгож дуусах болно.