
Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар
Улаанбаатар хотын уурын зуухнуудын стандартыг шинэчилж, түүхийн нүүрсний хэрэглээг багасгана. Ногоон хөгжлийн сантай болно. Ногоон зээлийн санхүүжилтээр утаагүй халаалтынхэрэгсэлд шилжих нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Хүүхэд хөгжлийн төвүүдийг хэрэгцээнд тулгуурлан барьж байгуулна. ЕБС-иудад шүдний кабинет байгуулж, “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гэрт хамгийн ойр сургууль барих ажлыг шат дараатай хэрэгжүүлж, амьдарч буй орчинд чанартай боловсролын үйлчилгээ авахад анхаарна.
Шинээр байгуулах 14 хотод 20 минутын зайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ “Элэг бүтэн монгол”, Эрүүл шүд”, “Умайн хүзүүн хавдаргүй Монгол” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Ниийгмийн эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн 4 улирлын турш ашиглах боломжтой, орчин үеийн спорт цогцолбор, амралт чөлөөт цагийн төв болгон хөгжүүлнэ. 1-2 настай хүүхдийг яслид хамруулж, цэцэрлэгийн тарах, хүлээн авах цагт зохицуулалт хийнэ.
Метроны бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. BRT-г нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ. Агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлж, зориулалтын зогсоол дэд бүтцийг байгуулна. Улаанбаатар хотын такси үйлчилгээний стандартыг бий болгоно.
“Миний орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны төслийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд ажилтандаа орон сууцны дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлнэ Пассив, хайбрид байшинд шилжих хүсэлтэй өрх, аж ахуйн нэгжид ногоон орон сууцны зээл олгоно Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг нураан шинээр барина Орон сууцны халаалтыг талбайн хэмжээгээр бус дулааны тоолуур ашиглан бодит хэрэглээгээр тооцно.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт
Гэр хороолол орон сууцны халаалтыг цахилгаан эрчим хүчээр халаах технологийг дэмжиж эх үүсвэрийн тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангана. Хийн нөөцийг ашиглан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бага оврын цахилгаан станц байгуулна. Өрх бүр хашаандаа мод тарьж, тэдгээрийг төрөөс худалдаж авдаг тогтолцоотой болно. Гэр хорооллын ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг тав дахин нэмнэ. Цахилгаанаар дулаанаа шийдсэн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг үе шаттай шийднэ. Гэр хороололд сайжруулсан нүүрсийг хориглож, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчээр халаах шинэ технологийг нэвтрүүлнэ. Утаагүй Улаанбаатар аяныг өрнүүлж нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийднэ. Цахилгаан автомашин цэнэглэх 20 цэг байгуулна.
Цэцэрлэг, сургууль нэмж барин хүртээмжийг нэмэгдүүлнэ. Алслагдсан сургуулиудад автобус ажиллуулж, хүүхдийг сургуульдаа аюулгүй ирж, очих нөхцөлийг бүрдүүлнэ. Сургууль бүхийг 2-оос дээшгүй ээлжээр хичээллүүлнэ.
Эрүүл мэндийн салбарт цахим шинэчлэл хийж, шат болгоны үйлчилгээг нэгдсэн болгоно. Нийслэлийн иргэд харьяалал харгалзахгүй, бусад дүүргийн эмнэлгээс үйлчилгээ авдаг болно.
Улаанбаатар хотын нэг бүс нэг хот үзэл баримтлалаар хөгжүүлнэ. 9.6 км гурван шугамын багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл барина. Дагуул хотуудад төрийн байгууллага, зах худалдааны төв, их дээд сургуулиудыг нүүлгэнэ. Нийтийн тээврийн салбарыг бүрэн шинэчилж, MRT, LRT, BRT олон сонголттой тээврийн хэрэгсэлтэй болох үндсийг тавина.
Улаанбаатар хотын хуучин орон сууцуудыг шинэчлэн барилгажуулах, инженерийн дэд бүтцийг иж бүрэн шинэчилнэ. Улаанбаатар хотод 100 000 орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх замаар барилгын стандарт ажиллагсдын бодлогоор хангана.

Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа
Сайжруулсан түлшийг үе шаттай хэрэглээнээс татаж, агаарын бохирдолгүй цэвэр эх үүсвэрээр солих ажлыг үе шаттай хийнэ. 10 000 айл өрхийн цахилгаан болон дулаан хангамжийг нарны эрчим хүчээр хангах төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлого барина. Дүүрэг бүрд жижиг оврын хаягдалгүй, хог шатаалтын үйлдвэр, дахин боловсруулах үйлдвэр барина.
Хороо бүрд биеийн тамирын талбай, спортын талбай байгуулна.
Тусгай замын автобус буюу BRT трам гэх мэт зам дээр ил зорчдог тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Дугаарын хязгаарлалтыг хүчингүй болгож, зорчилт хөдөлгөөний нэмэлт сонголт бий болгоно. Хотын А, Б бүсэд дугуйн болон явган зам хосолсон цогц сүлжээг бий болгоно.
Эрчим хүчний хэмнэлтэй амины болон нийтийн орон сууцанд олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийг дэмжинэ. Суперблок төлөвлөлтөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Үүнийг эхний удаад хотын 10 байршилд хэрэгжүүлнэ. Бага орлоготой иргэдэд зориулж амины орон сууцны түрээс ажлын байр хосолсон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Дамжин өнгөрөх түрээсийн байр ашиглалтад оруулна.

Нийслэлийн Үндэсний эвслийн дарга М.Төмөр
Хотын хүн амыг найдвартай, тогтвортой эрчим хүч, дулаанаар хангана. Дамбадаржаа, Дэнжийн мянгад дулааны станц шинээр барина. Гэр хороолллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, яндангийн тоог бууруулна. Бие даасан халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эрчимжүүлнэ.
Нийслэлд жил бүр 25 цэцэрлэг шинээр барьж, түрээсийн байртай цэцэрлэгийн тоог тэглэнэ. Нийслэлд жил үбр 15 сургууль шинээр барьж, түрээсийн байртай сургуульгүй болно. Гурван ээлжээр хичээлэлдэг сургуульгүй болно. ЕБС-ийн англи хэлний сургалтын чанарыг сайжруулах ажлыг олон улсын байгууллагын дэмжлэгтэй хийнэ.
Нийслэлд төрөлжсөн эмчилгээний төвүүдийг шинээр барина. Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг шинээр байгуулж, өвчнөөс сэргийлэх, үзлэг оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангана. Хотын хүн амыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулна. Нийслэлийн түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Гүүрэн байгууламж, нүхэн гарц, тойрог зам барьж байгуулна. Дугаарын хязгаарлалтыг цуцлана. Зайнаас ажиллах боломж, уян хатан ажлын цагийг нэвтрүүлнэ. Богино эргэлтийн маршрутыг нэвтрүүлнэ. Ачаалал өндөртэй замуудад дахин инженерчлэл хийнэ. Хотын төвд их багтаамжийг давхар зогсоол байгуулна.
Орчны болон орон зайн төлөвлөлт алдагдсан орон сууцны хорооллыг дахин төлөвлөнө. Ипотекийн зээлийн хүүг бууруулж, эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Ахмадын орон сууцны хүртээмжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэмэгдүүлнэ

Нийслэлийн ИЗНН-ын дарга М.Амартунгалаг
Эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж барих урамшууллыг дэмжинэ. Үйлдвэр тээврийн хэрэгслийн утааны стандартыг чангатгана. Агаар, усны чанарын байнгын хяналтын тогтолцоог бүрдүүлнэ. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжиж, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлнэ.
Улсын сургуулиудын чанарыг дээшлүүлнэ. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулсан боловсролын орчныг бүрдүүлнэ.
Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг нэмэгдүүлнэ. Эмнэлэг, эрүүл мэндийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хүртээмжийг нэмэгдүүлнэ. Сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжүүлнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээний цахилгаан автобусны паркийг нэмэгдүүлнэ. Дугуйн замын сүлжээг бий болгоно. Дугуй хуваалцах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Хямд үнэтэй орон сууцаар хангах нийтийн орон сууцны төслийг боловсруулна. Хамтын хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлж эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Холимог орлоготой орон сууцны хорооллыг хөгжүүлэхийг дэмжинэ.