Монголчууд дөрвөн жил буюу 1095 хоногт нэг удаа төрийн эрх барих эрхээ эдэлдэг. Тиймдээ ч ард түмэнд засаглалын эрхийг гартаа авч, ирээдүйгээ сонгох нь ардчилсан нийгмийн амин сүнс билээ. Ийн төрийн сонгуульдаа иргэн бүр гар бие оролцож, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ эдлэх учиртай.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасанчлан “Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй” гэдгээс харвал 2.238.360 иргэн дөрвөн жилд ганц тохиодог онцгой эрхээ эдлэх ёстой. Гэтэл өөрийн хүсэл сонирхлоос үл хамаарч ажлын онцлог, амьдралын шаардлага, төр засгийн оновчгүй бодлогоос төлөөллөө илгээж чадахгүй сонгох эрхийн гадна үлдэж буй иргэд хэдэн мянгаараа байна. Уул уурхай, ачаа тээврийн салбарын ажлын ид өрнөл нь дулааны улиралд буюу сонгуулийн үеэр эхэлдэг онцлогтой. Тодруулбал, энэ салбарт ажилладаг 100 мянга гаруй иргэний сонгох эрх саналын хайрцагнаас гээгдээд удаж буй. УУХҮЯ-наас уул уурхай, ачаа тээвэр, эрдэс баялгийн салбарт 295 аж ахуйн нэгжийн 40.5 мянган иргэн бусад газраас очиж ажилладаг, ЗТХЯ-аас 899 аж ахуйн нэгжийн 23.9 мянган жолооч ачаа тээврийн салбарт ажилладаг буюу нийт 1194 аж ахуйн нэгжийн 64.4 мянган сонгогч байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Үүн дээр оршин суугаа газраасаа хол хил дээр ээлжинд ажилладаг төрийн албан хаагч, тухайн бүсэд бүртгэлтэй ч өөр газар амьдардаг иргэд, оюутнуудыг нэмбэл зуун мянга байтугай тоо гарах нь лавтай. Зүйрлэж хэлбэл, 100 мянган сонгогч гэдэг сонгуулийн бүхэл бүтэн тойрог, 10-20 сумын сонгогчийн санал хаягдаж байгаатай агаар нэг юм. Тиймээс уул уурхайн салбарт ажиллагсдын сонгох эрхийг хангахад төрийн тусгайлсан бодлого, шийдэл, хөшүүрэг бий болгож өгөхгүй бол дараагийн, түүний дараагийн сонгуулиар ч дахиад л 100 мянган иргэний сонгох эрхийн асуудал хөндөгдсөөр, эрхээ эдэлж чадахгүй хэвээр байх вий.