Open iToim app
Спорт | 3 мин уншина

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 30 дахь улирлын тоглолт эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 30 дахь улирлын тоглолт эхэлнэ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 7
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн нээлтээ хийхэд ердөө тав хоног үлджээ. Энэ сарын 12-нд хөшгөө нээх лигт эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг “UG Arena”-д өрсөлдөх юм. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1994 онд манай улсад анх удаа дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд тухайн үед “1+11”, “Азийн чоно”, “Генералууд”, “Алтайн бүргэдүүд”, “Монсоник”, “Угалзын цөөврүүд”, “Хөх тэнгэр” гэсэн долоон баг оролцож байлаа. Тэгвэл дээд лигийн тэмцээн энэ жил 30 нас хүрч байна.
undefined
Лигт өрсөлдөж буй багууд түүхэнд энэ улиралд анх удаа аялан тоглолт хийхээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, “Налайх Бизон”, “Дархан Юнайтед” баг талбайдаа улирлын тоглолтыг хүлээн авна гэсэн үг. Тэгэхээр лигийн тоглолт нэг биш гурван спортын ордонд болно.
Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд хөгжлийн лигийн өнгөрсөн улирлын аварга “Монпоп”-ын бүсгүйчүүд дэвшин орж ирж байгаа бөгөөд 2023-2024 оны улиралд зургаадугаар байрт шалгарсан баг хөгжлийн лиг рүү унасан юм. Энэ бол эмэгтэйчүүдийн лигт орсон өөрчлөлт. Тэгвэл эрэгтэй багуудад багагүй өөрчлөлт оров. Энэ нь бүрэлдэхүүн, багуудын нэрнээс эхэлнэ. Товч дурдъя.
undefined
"Апес”-ыг энэ жилээс “Шунхлай” групп ивээн тэтгэхээр болсон бөгөөд ингэснээр “Эс Жи Апес” нэртэйгээр шинэ улиралд өрсөлдөнө. Тус багт Гуамын шигшээ багийн Ийрнест Росс, АНУ-ын сагсчин Стефен Харт легионероор нэгджээ. нар багийнхаа бэлтгэлд аль хэдийн хамрагдаад эхэлжээ. Дасгалжуулагчаар “Хасын Хүлэгүүд” багийн туслах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэ байсан  Р.Отгонжаргал ажиллана.
Тэгвэл “Завхан Бродерс”-т Г.Цэнгүүнбаяр эргэн нэгдлээ. Тэр өнгөрсөн улирлыг бэртлийн улмаас бүтэн өнжсөн юм. Түүнчлэн гурав дахь жилдээ лигт тоглож буй Даймонд Стөүнөөс гадна Орландо Жонсонг багтаа нэгтгэжээ.
Харин “Бишрэлт Металл”-ынхан гол лидер Д.Дэлгэрнямаа алдсан. Тэр энэ улиралд 3х3-аа сонгосон бөгөөд лигт тоглох боломжгүйг тус багийн дасгалжуулагч нь ярьсан байдаг. Багтаа одоогоор легионергүй ч О.Баянбаатар, С.Дугар-Эрдэнэ, Б.Бүргэдбат нарыг авчээ. Түүнчлэн “Майнерс”-ын холбогч Г.Болор-Эрдэнийг эгнээндээ нэгтгэсэн ч бага зэрэг маргаан гарсан учир эцсийн зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
“Майнерс”-ын хувьд энэ улирал хүндхэн эхлэх бололтой. Тус багаас А.Тэмүүжин, Пендариус Уиллиамс, Э.Мөнхбаяр нар өөр багт шилжсэн бол легионерын асуудал шийдэгдээгүй байна. Дээр дурдсанчлан холбогчоо алдаж магадгүйд хүрсэн юм.
“Гарьдууд” энэ улиралд шинэ спонсортой болсноор багаа “Кнайтс” болгож өөрчилсөн.  А.Тэмүүжин, Г.Билгүүн нар багтаа дахин нэгдсэн бол Пендариус Уиллиамс “Гарьд”-тай шинэ гэрээ байхуулах нь тэр. Мөн Б.Жамсран холбогчийн байрлалд энэ багийн төлөө анх удаа тоглоно. Түүнчлэн багийн залуусаа хурцалж чаддаг О.Ууганбаяр, Б.Мөнхболд нар үлджээ.
Энэ улиралд анхаарал татаж буй нэг баг нь “Дархан Юнайтед” юм. Тэд Америкаас Терран Петевэй, Тэй Харди гэсэн хоёр легионер авчирсан. Ц.Азбаярыг дасгалжуулагчаар сонгосон, талбайдаа тоглолт хүлээн авна гээд энэ багт сонин хачин их.
Энэ улиралд хамгийн олон шинэ тоглогч эгнээндээ элсүүлсэн багаар “Сэлэнгэ Бодонс” тодорч байна. Легионер тоглогчоор АНУ-ын Ахмад Гилберт, Юусуф Мохамед нарыг авчирчээ. Түүнчлэн Н.Батбаяр, Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар, Б.Золбоо, Ц.Сэргэлэнбаатар, Б.Бишрэлт Б.Цолмонбаатар нарыг өөрийн болгож чадсан. Тэр ч бүү хэл “Бишрэлт Металл”-ын дасгалжуулагч  серб Предраг Стоянчевыг багийнхаа ахлахаар томилжээ.
“Налайх Бизон”-ы хувьд “Гарьд”-ын холбогч А.Тэлмэнг багтаа авсныг эс тооцвол өөр сүйдтэй өөрчлөлт алга. Харин өнгөрсөн улирлын аварга “Хүлэгүүд” Э.Мөнхтүвшинг багийн ахлагчаар томилсон бөгөөд бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсангүй. Мөн гавьяат дасгалжуулагч С.Тулгаар удирдуулсан “Ондилт” нэрээ өөрчилж “Инут Еэс Ти Эл Жи” болгожээ. Тэд энэ жил драфтын тэргүүн сонголтоор Тайванийн “CTBS” бизнес сургуулийн М.Чинхутагийг сонгосон байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн