Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 7
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Тэгвэл энэ жил шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа.
Эрчим хүчний зохицуулах хороо: Шөнийн тарифын хөнгөлөлт энэ жил ч мөн үргэлжилнэ. Арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл мөрдөгдөнө. Ингэхдээ шөнийн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100 хувиар хөнгөлнө. Тухайлбал, 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар хөнгөлнө. Мөн 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлөх юм. Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгч цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх ёстой. Энэ жил 189,000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана гэж тооцоолоод улсын төсөвт 30.5 тэрбум төгрөгийг тусгасан гэв.
Тус хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй чухал ажил.  Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлээд байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн