Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийг Багш нарын бахархлын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл тусгай хэрэгцээт хүүхдүүдийн Нийслэлийн 29 дүгээр дунд сургуулийн ахмад, дунд үеийн багш нарын төлөөлөлтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.
Ж.Оюунчимэг: Хүүхдүүдийнхээ нүдний харц, биеийн хэлэмжийг нь хараад л юу хэрэгтэй, ямар байгааг ойлгодог, мэдэрдэг

Намайг Ж.Оюунчимэг гэдэг. Би боловсролын байгууллагад 40 гаруй жил ажиллаж байгаа Монгол Улсын Гавьяат багш, согог зүйч, хэл засалч. Манай аав багш байсан. Миний нөхөр ч багш. Би 1973 онд МУБИС-ийг төгсөөд, 29 дүгээр дунд сургуульдаа ажиллаж эхэлсэн. Анх сурагч байхаасаа л энэ сургуульд багшлах зорилготой багш мэргэжлээр сурсан. Тасралтгүй 51 жил ажиллаж байна. Хүүхдүүдийн зүрх сэтгэлд хүрч ажиллахын төлөө хайр, халамж, анхаарал бүхнээ зориулдаг. Сурагчдаа хөгжүүлж, баясгаж, эрдэм номд сургаж, ээж аавыг нь төлөөлөх бүх үүргийг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл манай сургуульд хотоос гадна хөдөө орон нутгаас хүүхдүүд ирээд, дотуур байранд байрлаж, суралцдаг. Түүнчлэн, манай сургуульд харааны, сонсголын, давхар бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг. Ийм хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас нарийн мэргэжлийг эзэмшсэн байх хэрэгтэй. Согог зүйч багш нар ойрд ховордоод байгаа. Энэ жаахан харамсалтай. Хүүхдүүдийнхээ нүдний харц, биеийн хэлэмжийг нь хараад л юу хэрэгтэй, ямар байгааг ойлгодог, мэдэрдэг байх хэчнээн сайхан гээч. Ер нь тусгай хэрэгцээт сургуулийн багш нар их мэдрэмтгий байдаг. Бид ар гэр, үр хүүхдээ умартан, шавь нарынхаа төлөө бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа зарцуулдаг. Энэ сургуульд олон жил тууштай ажиллахад миний хань бүх талаар минь дэмжиж, тусалдаг. Миний ар талыг баттай сайн хариуцдаг. Би багш мэргэжлээрээ бахархдаг бас мэргэжилдээ маш их хайртай. Эрдэм номын хөтөч эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе.