Open iToim app
Спорт | 2 мин уншина

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэллээ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэллээ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 4
Тажикистаны нийслэл Душанбе хотод 2024 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 67 орны 531 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас 14 жүдоч хүч үзэж байна. Багийн бүрэлдэхүүнд 2022, 2024 онд өсвөрийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид багтсан.
Тэмцээний эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд Монголоос 10 бөх барилдав. Тэднээс хамгийн өндөр амжилтыг эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон Б.Уранзаяа үзүүллээ. Тэрбээр Румын, Германы тамирчдыг ялсан ч шөвгийн наймд Солонгост, дагах барилдаанд Францын бөхөд ялагдсанаар шагналт VII байрт шалгарсан. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Ж.Нэргүй, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Ням-Эрдэнэ нар зодоглох юм.
Тэмцээний нийт шагналын сан 99800 евро бөгөөд хувийн төрөлд алтан медаль хүртэгсэд 500, мөнгөн медалийн эзэд 300, хүрэл медаль хүртвэл 170 еврогийн шагнал гардах юм. Харин багийн тэмцээний аваргууд 8000, мөнгөн медалийн эзэд 5600, хүрэл медальтнууд 3200 еврогийн шагнал авах аж.
Дашрамд сонирхуулахад, залуучуудын ДАШТ 1974 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд манай бөхчүүд хоёр алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртэж байв. Гэхдээ сүүлийн гурван тэмцээнээс медаль авч чадаагүй билээ.
Залуучуудын ДАШТ-ий медальт тамирчдыг танилцуулья.
2008 он: Д.Төмөрхүлэг мөнгө, Б.Тэмүүлэн хүрэл
2009 он: Д.Төмөрхүлэг мөнгө
2011 он: Ц.Наранжаргал мөнгө
2013 он: Ө.Дүүрэнбаяр мөнгө, Б.Мөнгөнчимэг хүрэл
2014 он: Ө.Дүүрэнбаяр алт, Ц.Цогтбаатар мөнгө, Б.Амартүвшин хүрэл, Г.Баттулга хүрэл
2015 он: Ц.Цогтбаатар мөнгө, Б.Амартүвшин хүрэл, Г.Наранцэцэг хүрэл
2017 он: Л.Энхрийлэн мөнгө, Л.Өнөболд хүрэл, Ж.Амарболд хүрэл
2019 он: Л.Сосорбарам алт
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн