Төрөөс улс орноо бүсчилж хөгжүүлнэ гэдгээ зарлаж, УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулсан. Харин аль бүсийг ямар чиглэлээр хөгжүүлэх, аль бүст ямар үйлдвэр барих нь бүрэн тодорхой болоогүй байгаа юм. Тэгвэл Шадар сайд С.Амарсайханы удирдлага дор төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах юм байна. Тус газарт бүсийн бодлогоор мэргэшсэн хүмүүсийг цуглуулж, бодлогын бичиг баримтаа боловсруулах аж. Энэ талаар Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр хэлэхдээ "Бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийг бодитоор хийх шаардлага тулгарч байгаа. Хангайн бүсийн хөгжлийг хэдэн жилээр хэрхэн харах, ирээдүй нь юу юм бэ гэдгээ гаргахын тулд 60 тэрбум төгрөгөөр бодлого, төлөвлөлт, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг хийнэ. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Сайдын шууд удирдлага дор төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулна. Энд бүсийн бодлогоор мэргэшсэн хүмүүсийг цуглуулж байна. Бодлогын бичиг баримт боловсруулах ажилд нэлээд цаг зарж байгаа. Энэ аймагт ийм үйлдвэр байгуулбал бүсчилсэн хөгжил болно гэсэн бүтэн зураг алга байна. Бүтэн зургаа гаргаж ирэхийн тулд 60 тэрбум төгрөгийн бодлого төлөвлөлтөд суулгасан" гэсэн юм. Одоогоор арьс ширний 40 гаруй үйлдвэрийг Эмээлтэд, Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэрийн парк, хүнсний үйлдвэрийн парк гэсэн хоёр том цогцолборыг хийхээр төсөвлжээ. Түүнчлэн баруун бүсийн малын түүхий эдийг Ховд аймгийн хөдөө аж ахуйн парк дээр төвлөрүүлэх аж.