Open iToim app
Тэд бидний тухай | 4 мин уншина

Тэд бидний тухай: Орост Монгол яагаад хэрэгтэй вэ

Тэд бидний тухай: Орост Монгол яагаад хэрэгтэй вэ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 4
Олон улсын Telanganatoday сайтад Монголын тухай “Opinion: Why Russia needs Mongolia” гарчигтай нийтлэл нийтлэгджээ. Энэхүү нийтлэлийн агуулгыг тоймлон хүргэж байна.
Есдүгээр сарын 2-ны өдөр Чингис хааны хувийн харуулын өмсгөлтэй адил ёслолын хувцас өмссөн 20 морьтны отряд Улаанбаатар хот дахь Ерөнхийлөгчийн ордны гадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа явуулав. Оросын хувьд Монгол  ямар чухал болохыг харуулахаар Владимир Путин Халхын голд япончуудын эсрэг хийсэн хамтарсан ялалтын 85 жилийн ойг тэмдэглэхээр Монголд айлчилсан.
Монгол Улс Ромын дүрэмд гарын үсэг зурж, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн болсон улс. Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Путиныг баривчлах тушаал гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн оронд айлчилсан нь барууны орнуудын анхаарлыг ихэд татсан. Путины энэ айлчлалын шалтгаан нь хоёр талын түншлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Союз Восток хийн хоолой гэгддэг "Сибирийн хүч-2" хоолойн Монгол дахь хэсгийн талаар хэлэлцэх явдал байв. Энэ хоолойн нь Оросоос Хятад руу 50 тэрбум шоо метр хий нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн сард баталсан Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ хоолойг барих талаар огт дурдаагүй байсан нь төсөл гацаанд ороход хүргэсэн.
ҮР ДҮН
Ерөнхийлөгч Путин айлчлалынхаа үеэр Орос-Монголын харилцаанд томоохон ахиц гарсныг онцлоод 2024 оны эхний долоон сарын байдлаар хоёр талын худалдаа 21 хувиар өссөнийг тодотгосон. 2010-аад оноос хойш ОХУ-ын зүүн зүг рүү чиглэх сонирхол нэмэгдэж байгаа нь Монгол Улсыг стратегийн чухал түнш болгож байна. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын гол бүрэлдэхүүн хэсэг болох Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг ахиулах амлалтаа хоёр улс дахин нотлов.
Мөн ОХУ-ын Евразийн түншлэл, Монголын тал нутгийн маршрутын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ДЦС-3-ын дулааны цахилгаан станцыг сэргээн засварлах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, нисэхийн түлшний тухай хэлэлцээр, Байгаль нуурыг хамгаалахад чиглэсэн харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг хэд хэдэн гол хэлэлцээрт гарын үсэг зурсан.
СИБИРИЙН ХҮЧ 2
Москва Европын зах зээлээс хараат байдлаа багасгахын тулд дорно дахиныг чиглүүлэх шинэ хоолой гаргахаар ажиллаж байв. Энэ санаачилга нь 2012 онд Сибирийн хүч гэж нэрлэгдсэн Якут-Хабаровск-Владивосток дамжуулах хоолойн төлөвлөгөөнөөс тодорхой харагдаж байна. Сибирийн хүч дамжуулах хоолой нь Ковыктагаас байгалийн хийг тээвэрлэх зориулалттай.
Уг хоолой ОХУ-ын Якут дахь Чаяндагийн талбай хүртэл үргэлжилж,  тэндээс хийг Хятадын үндэсний газрын тосны корпорацын ажиллуулдаг Хэйхэ-Шанхай хоолойгоор үргэлжлүүлэн тээвэрлэнэ. Ерөнхий сайд Дмитрий Медведевийн 2019 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр өмнө нь Алтайн хоолой гэгддэг Сибирийн хүч 2 хоолойн талаар анх зарласан. Уг хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг үнэлэх зорилгоор Монгол Улс, Газпром компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. 2020 оны зун гэхэд Газпром Сибирийн хүч 2 (ПОС-2)-ын зураг төсөл, судалгааг хийж эхэлсэн. 2022 оны нэгдүгээр сард ТЭЗҮ-ийг боловсруулж, Монгол руу нэвтрэх цэгийг багтаасан шугам хоолойн анхны маршрутыг тогтоосон. 2022 оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Союз Восток” хийн хоолойг барих ажлыг 2024 онд эхлүүлэх боломжтой гэж мэдэгдэж байсан. Гэхдээ Монгол уг хоолойг үндэсний мөрийн хөтөлбөрөөс хассан нь ОХУ-д түгшүүр төрүүлэв. Эхэндээ “Сибирийн хүч 2” хөтөлбөрт Монголын дотоодын хэрэглэгчдийг хангах заалт тусгаагүй байсан ч айлчлалын үеэр Ерөнхийлөгч Путин Монголыг байгалийн хийгээр хангах, тус улсыг хийжүүлэх ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн долоо хоногийн дараа Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Эрхүүгийн захирагч Игорь Кобзев уг төсөлд байгаль орчны үнэлгээ хийгдэж байгаа гэж мэдэгдэв. Путины Монголд хийсэн айлчлал болон гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрүүд нь Сибирийн хүч 2 хоолой гацсан тухай яриаг үгүйсгэв. Гэсэн хэдий ч ОХУ, БНХАУ-ын хооронд хийн үнэ тогтоох, барилгын зардлыг хуваах болон бусад асуудлаар эцсийн тохиролцоонд хүрээгүй тул хоолой барих ажил хойшлогдож магадгүй юм.
WIN-WIN
Путины Монголд хийсэн айлчлал нь Москва, Улаанбаатар хоёрын хувьд ашигтай. Москвагийн хувьд ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний улмаас зах зээлүүд хумигдаж байгаа нь Монголд шинэ зах зээл бий болоход нөлөөлсөн. Монголын хувьд Оросын хөрөнгө оруулалт, хоёр улсын хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа нь Монголд илүү өрсөлдөөнтэй зах зээлийг бий болгож, Хятадын экспортоос хараат байдлыг бууруулж байна. “Бүс ба Зам” санаачилга нь Улаанбаатар хотыг харьцангуй тусгаарлагдмал байдлаас гаргах зорилготойгоор Монгол Улсын хувьд нэн чухал юм. Хятад, Монголын харилцаа улам бүр нэмэгдэж байгаа нь Монголд Хятадын бүрэн монополь тогтоох вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлсэн. Путины айлчлал Орос-Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурийг тавьсан болов уу.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн