Нийгэм | 1 мин уншина

Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх санал гаргажээ

Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх санал гаргажээ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 2
Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудлыг олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болоогүй өнөөдрийг хүрээд буй.
Тэгвэл нийслэлийн одоогийн удирдлагуудаас хэд хэдэн сургуулийг нийслэлийн зах руу нүүлгэх саналыг танилцуулаад байгаа аж. Тодруулбал, Сэлбэ дэд төв буюу Сэлбэ голын эрэг дээр Соёл урлагийн их сургуулийг, Баянхошуу дэд төв рүү Техникийн их сургуулийг гаргах саналыг танилцуулжээ.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Дэд төвүүд рүү их сургуулиудыг гаргахаар төлөвлөсөн. Эхний ээлжид Сэлбэ дэд төв буюу Сэлбэ голын эрэг дээр Соёл урлагийн их сургуулийг гаргах саналаа холбогдох салбарын яам руу хүргүүлсэн. Нийслэл дэд бүтэц, газрыг шийдэж өгнө, кампус байдлаар зохион байгуулна. Баянхошуу дэд төв рүү Техникийн их сургуулийг гаргана.
Дэд төвүүд рүү их дээд сургууль, соёл, төрийн үйлчилгээг тараан байршуулснаар хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг тухайн төвд нь шийднэ. МУБИС-ийг Сэлбэ дэд төв рүү гаргаснаар багш ажилчид тэр орчимд орон сууцтай болгох томоохон төсөл юм.
Дэлхий нийтэд 15-20 минутын хот гэх санаачилга хэрэгжээд явж байна. Азийн Хөгжлийн Банк одоогоос арван жилийн өмнө дэд төвийг түшиглэсэн орон сууцны хорооллыг байгуулна гээд гурван дэд төвийн дэд бүтэц баригдсан байгаа" гэв.
Зөвхөн МУБИС руу өглөө бүр 10 мянган зорчилт хийгддэг байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн