Чадлаа | 8 мин уншина

Ш.Ганбямба: Карьер бүтээдэг цамхагт хүн бүрд боломж бий

Ш.Ганбямба: Карьер бүтээдэг цамхагт хүн бүрд боломж бий
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 2
Монгол Улсын ажил олгогчид ажиллах хүчний хомсдолд орох хандлагатай байгааг судлаачид анхааруулж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд ид ажиллах хүчний залуус олноороо гадаад улс орныг зорьж байгаатай холбоотой юм. Түүнчлэн, ажилтнуудыг тогтоон барих, шинэ үеийнхнийг ойлгож ажиллуулах зэрэг хүний нөөцийн бодлогын асуудлууд тулгарч байна. Иймд Монголын хамгийн том ажил олгогчдын нэг ХААН Банкны хүний нөөцийн жишиг болохуйц бодлогыг манай сайтад онцолж байна.
ХААН Банк нь төрөл бүрийн туршлага мэргэжилтэй 6000 орчим ажилтантай бөгөөд хүний нөөцийн бодлого нь тэгш боломжийг олгож, олон талт, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ажилтнуудын нэгдмэл байдлыг эрхэмлэхэд оршдог байна. Тухайлбал, ХААН Банк нь ёс зүйн өндөр стандартыг дэмжих зорилгоор “Ёс зүйтэй банкир төсөл”-ийг дотооддоо амжилттай хэрэгжүүлсээр байгаа аж. Түүнчлэн, хүйсийн тэгш байдлыг хангаж буй амжилтаараа Азийн хөгжлийн банкнаас “Gender Champion” шагнал хүртсэн юм. Ингээд ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямбатай ярилцлаа.
-Монголын хөдөлмөрийн зах зээл ажилтны хомсдолд өртөх эрсдэлтэй тулгараад байгаа. Иймд танай байгууллагын бусдаас ялгарах хүний нөөцийн бодлогын талаар яриагаа эхэлцгээе?
-Бид “Ковид-19” цар тахлаас өмнө нэг ажлын байр зарлахад 300-500 ажил горилогчийн анкет хүлээн авдаг байсан. Харин одоо ажил хүсэгчийн анкет хоёр дахин багассан. Энэ байдал хаа сайгүй тулгарч байгаа. Гэхдээ ХААН Банкны хувьд хүний нөөцийн хомсдолд ороогүй. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Нэгдүгээрт, бид ажилтнуудаа сэтгэл хангалуун, тогтвортой ажиллуулах зорилготой ажилладаг. ХААН Банк шинэ ажлын байр гарахад хамгийн түрүүнд дотооддоо буюу одоо ажиллаж байгаа ажилтнууддаа боломж олгодог. Ажилтнуудаа ахиж, дэвших боломжийг олгож, дотроо ажлын байрны сонгон шалгаруулалт зарладаг. Энэ бол манай хамгийн чухал хүний нөөцийн бодлого гэж үздэг. Гаднаас  Банканд борлуулалт үйлчилгээний ажилтан, бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх ихэнхдээ авдаг ба эдгээр ажилтнуудаа цаашид мэргэжлээрээ өсөх хөгжих боломжийг олгодог гэсэн үг юм. Энэ ажлын байран дээр шинэ төгсөгчдийг голлон ажилд авдаг. Түүнчлэн, бүх шатны удирдах ажилтан өөрийн өдөр тутмын мэргэжлийн ажлаа удирдахаас гадна баг хамт олны хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлдэг. Тус ажлын хүрээнд жилдээ нэг удаа бүх ажилтнууддаа үнэлгээ хийж, ажилтнуудынхаа онцлог, өсөж, хөгжих боломжийг нээдэг. Ингэснээр ХААН Банк хүний нөөцөө зөв хуваарилаад зогсохгүй ажилтнууддаа сурч, хөгжих боломж олгодог. Энэ эргэх холбоо нь ажлаас гаралтыг бууруулдаг. Үүнийг бид тогтвортой ажиллуулах нэг арга хэрэгсэл гэж харж байгаа. Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлохдоо хүний тооноос илүү хүний чадамжийг ярьдаг цаг болсон байна. Тиймээс  ХААН Банк чадамжид суурилсан шийдвэрүүдийг гаргаж ажилладаг.
 -Ажилтнуудын бүтээмж өндөр байхын үндэс нь ажиллах таатай орчин шүү дээ. Ажилтнуудынхаа ажиллах таатай орчныг бүрдүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар шийдэл нэвтрүүлж, ажиллаж байгаа вэ?
-Ажиллах орчин маш чухал. Ажиллах орчин гэхээр хоёр зүйлийг ярих шаардлагатай байдаг. Нэгдүгээрт, биет орчин буюу ширээ, сандал, оффис тухтай байх, ажиллах нөхцөл бүрдсэн, эрүүл ахуйн шаардлага хангагдсан байх нь чухал. Ингэж байж ажилтнууд сэтгэл хангалуун ажилладаг. Жишээлбэл, “Ковид-19” цар тахлын үед манай ажилтнууд бүгд гэрээсээ ажилласан. Тэгээд ажилтнууд маань ажилдаа цуглахдаа бидний ажиллах орчин ямар гоё юм бэ гэж ярьж байсан. Хоёрдугаарт, ажиллах орчинд байгууллагын соёл, хамт олны уур амьсгал, ажилдаа дуртай байх болон удирдах ажилтны манлайлах ур чадвар чухал тооцогддог. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч гэсэн хүн сэтгэл санаагаараа таатай ажиллах нь үр бүтээмжтэй ажиллахад чухал нөлөөтэй. Манай байгууллагын гол онцлог нь хүний нөөцийн бодлогыг зөвхөн хүний нөөц хэрэгжүүлдэггүй. Энэ бол зөвхөн хүний нөөцийн ажил биш. Энэ бол нийт удирдах ажилтнуудын ажил. Үүнийг бусад байгууллагаас арай илүү түрүүлж ойлгосон юм болов уу гэж би хардаг. Бусад байгууллагууд ч мөн ойлгоод, мөр зэрэгцээд ажиллаж байна. Бид сүүлийн долоон жилийн турш жил бүр ажилтны идэвх, оролцоо сэтгэл ханамжийн судалгаа авч байна. Энэ судалгаанд нийт ажилтнуудын 80-аас дээш хувь нь оролцдог. Судалгаанаас харахад, манай нийт ажилтнуудын 90-ээс дээш хувь нь ХААН Банканд ажилладгаараа бахархдаг. Ажлаас гарсан ажилтнууд ч эргээд уулзахдаа ХААН Банканд ажиллахад үнэхээр сайхан байжээ гэж байнга хэлдэг.
-Та ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирлаар хэзээнээс, хэрхэн ажиллаж эхэлсэн бэ. Таныг амжилт гаргахад юу нөлөөлсөн бэ?
-Би ХААН Банканд 2007 оноос хойш ажиллаж байна. Харин Хүний нөөц хариуцсан дэд захирлаар 2016 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд “Аливаа байгууллага амжилттай байхад хүний нөөцийн бодлого нь бизнесийн нэгжтэйгээ эн тэнцүү байх ёстой. Зарим тохиолдолд бизнесийн нэгжээсээ өмнө алхах шаардлагатай байдаг” гэдгийг ойлгосон. ХААН Банк Монголын хамгийн том арилжааны банк. Мөн ажил олгогчийн хувьд ч том байгууллага. Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Энэ олон ажилтныг нэгэн зүгт, нэг сэтгэлээр ХААН Банканд удаан хугацаанд аз жаргалтай, өндөр бүтээмжтэйгээр ажиллуулахад манай хүний нөөцийн гол бодлого чиглэдэг. Энэ мэдээж амаргүй. Олон ажилтантай болохоор олон хүүхэдтэй айл л гэсэн үг. ХААН Банкны хүний нөөцийг дараагийн түвшинд гаргах хүсэл, тэмүүлэл, хичээл зүтгэл маань хүний нөөцийн чиглэлээрээ ахиж, дэвших боломжийг өгсөн болов уу.
-Ажлын байр бүрд шууд удирдлагын арга барил, харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгууллагын соёлоосоо бидэнтэй хуваалцвал?
-Байгууллагын соёлыг ажилтнууд бүрдүүлдэг. Тэр дундаа удирдах ажилтнууд байгууллагын соёлыг бүрдүүлэх, бэхжүүлэх, хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Манай банкны соёлыг ерөнхийд нь тодорхойлбол ажилтандаа ээлтэй, харилцагчаа дээдэлсэн, удирдах ажилтнууд нь хүн хоорондын харилцааг чухалчилдаг байгууллага. Байгууллагын соёл бол эерэг. Ажилтандаа ажлаа сайн хийх боломжийг олгодог. ХААН Банк бол ажилтнууд болон харилцагчдадаа боломж олгодог байгууллага. Боломжоо ямар түвшинд яаж ашиглах нь хувь хүнтэй холбоотой. Боломжийг бий болгоно гэдэг агуу соёл гэж би хувьдаа боддог.
-Сүүлийн үед байгууллагууд ажилтнуудад зориулсан бүх төрлийн боломж, давуу талаар өрсөлдөх боллоо. Энэ тал дээр танайх тодорхой жишээ хуваалцвал ?
-Бид ажилтнуудаа үр бүтээмжтэй, аз жаргалтай ажиллахад зориулж олон төрлийн боломжийг олгодог. Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан нийгмийн халамжийн ажлуудаас гадна байгууллагаас олгодог нэмэлт боломжуудыг дэлгэрүүлье. Амралтын тухайд гэхэд жилд ажилтнууд маань ээлжийн амралтаас гадна төрсөн өдөр, гэр бүлийн өдөр, ХААН өдөр гээд 3 удаа цалинтай амардаг. Ажлаа хийхэд нь бас сонголт өгдөг. Банканд уян хатан байдлаар ажиллах бодлого гэж бий. Зарим ажилтан түгжрэлээс өмнө өглөө 07.00 цагаас ирээд 16.00 цагт ажлаа тарах гэх мэт цагийн сонголттой ажилладаг бол 2 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд амралтын цагаас гадна хүүхэд хөхүүлэх цагийг нэмж олгодог. Мөн төв банкны ажилтнууд маань зайнаас эсхүл Улаанбаатар хотын 3 оффисын аль нэгээс ажиллах програм хангамж, зөөврийн компьютер зэрэг бүх нөхцөлөөр хангагдсан байгаа. Өнгөрсөн одоо ирээдүйд ч ХААН Банкны үнэ цэнтэй эд эс болсон ажилтнууд маань ажилдаа ирэхдээ яарч ирдэг, ажилдаа дурлаж, чин сэтгэлээсээ хийдэг, өдөр бүр хөгжих боломжийг хайдаг хамт олон байгаасай гэж хүсдэг, тэгж ч ажилладаг. Манай ажилтнууд зайнаас, гэрээс, уян хатан цагаар ажиллах, хосолсон хувилбараар ажиллах боломжийг тун сайшаадаг. Жишээ нь, харилцагчдад тасралтгүй үйлчилгээ хүргэх үүднээс орон нутагт ажиллаж, амьдарч байгаа хэсэг ажилтныг Үйлчилгээний нэгдсэн төв буюу 18001917 лавлах үйлчилгээнд зайнаас ажиллуулж эхэлсэн нь тухайн ажилтан заавал хот руу шилжин ирэхгүйгээр гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ хамт байж, ажлаа хийгээд байх бололцоотой болсон гэсэн үг. Ажилдаа сэтгэл хангалуун яарч ирээд баяртай харих ажилтан бол бидний эрхэм зорилго.
-ХААН Банкны сургалт хөгжлийн бодлогын тухай тайлбарлавал?
-Нэг хэсэг манай банкийг сургалтын байгууллага гэж хэлж болохоор байсан. Одоо ч тийм байна. Сургалт бол ХААН Банкны ажилтнуудын ажлын нэг хэсэг гэж үздэг. Байнга суралцах гэдэг бидний ажлын нэг хэсэг. Ажилтнууддаа сурах боломжийг олгох, сургах ажлыг тогтмол хийдэг. Сургалтын төлөвлөгөө жилээр гардаг. Ажлаа хийхдээ заавал суралцана гэсэн үг. Бүх ажилтнууд жилд заавал сурах 8-9 сургалтад хамрагддаг. Сургалтын хэлбэр нь янз бүр. Ажлын онцлогтой холбоотой сургалтууд бас байна. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд онлайн сургалтуудаа илүү хөгжүүлж байгаа. Манай банкны хувьд “ХААН Банк академи” гээд онлайн сургалтын платформыг цар тахлын өмнөөс хөгжүүлж эхэлсэн. Одоо бол манай ажилтнуудын хамгийн их хэрэглэдэг систем бол энэхүү платформ буюу англиар KB academy. Ажлаа хийхдээ суралцана гэсэн уриатай.
quote photo
Онцлогийг нь мэдээд харилцан ярилцаж чадвал шинэ үеийнхэн маань харин ч илүү бүтээмжтэй ажиллаж чадна.
-Карьер хөгжил гэдэг шинэ ажилтнуудын хувьд маш чухал асуудал байдаг. Иймд танай байгууллагын зүгээс залуусын карьер хөгжлийг хэрхэн дэмждэг вэ?
-Сайхан асуулт байна. Энэ бол миний ярих дуртай сэдвүүдийн нэг. Бид сүүлийн 4-5 жилд ХААН Банкны карьер хөгжлийн тогтолцоог сайжруулж байна. Үүнийг бид карьер хөгжлийн нэгдсэн тогтолцоо гэж нэрлээд байгаа. Ажлын байруудаа эхнээс нь үнэлж, түвшин зэргийг нь тогтоож, тодорхойлсон. ХААН Банканд одоогийн байдлаар 15 үйл ажиллагааны чиглэл байдаг. Эдгээр чиглэлээр ажилтнуудынхаа карьерийг тодорхой болгосон. Үүнийгээ бид карьерийн цамхаг гэж нэрлэдэг. Одоо ажилтнууддаа илүү ойлгуулах, таниулах, ажилтнууд маань үүнийг ашиглах үе шатандаа явж байна. Карьер хөгжил нийт ажилтнуудад ил тод болсон гэсэн үг. Ил тод нээлттэй байх нь карьер хөгжлөө төлөвлөхөд чухал байдаг. Ажилтан бүр өөрийн каръерын эзэн нь байх зарчим баримтлан ажилладаг.
-Хөдөлмөрийн шинэ үе буюу ГИГ эдийн засаг гэх ойлголт сүүлийн үед их яригдах боллоо. Танай байгууллагад энэ тал дээр шинэ бодлого, төлөвлөгөө бий юү?
-Шинэ үеийнхэнтэй ажиллах сонирхолтой байна. Манай банкны нийт ажилтнуудын 15 хувийг 25-аас доош насны шинэ үеийнхэн эзэлж байна. Шинэ үеийнхний онцлогийг эхлээд ойлгох нь зүйтэй юм.  Шинэ үеийнхэн маань бидний нүдээр шинэ технологи, програмд маш амархан суралцдаг,  ийм чадвартай төрсөн юм уу гэмээр. Хоёрдугаарт, шинэ үеийнхэн нийгмийн ажлууд буюу сайн дурын ажилд идэвхтэй. Өөрийн хийж чаддаг зүйлээрээ бусад хүмүүст туслах дуртай. Үүнийг бас түшиглэх нь зүйтэй гэж бодсон. Мөн шинэ үеийнхэн хувийн орон зай, эрх чөлөөг эрхэмлэдэг. Өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх дуртай. Мөн ажлын орчинд уян хатан, гэрээсээ, зайнаас ажиллах боломжтой байх, бүх ажлыг ажлын цагтаа хийгээд гэртээ харих, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах сонирхолтой үе юм. Энэ онцлогийг нь ойлгочихвол удирдахад асуудал бага байна гэж харсан. Харин шинэ үеийнхэнтэй яаж харьцаж, ойлголцвол илүү сайн ажилтан болгох вэ гэдэг дээр удирдах ажилтнууд сурах зүйл их бий. Тийм ч учраас ХААН Банк удирдах ажилтнууддаа зориулаад “Шинэ үеийнхэнтэй яаж ажиллах вэ. Хэрхэн тэднийг үр дүнтэй удирдах вэ” гэдэг сургалтуудыг шат дараатайгаар авч эхэлж байгаа. Онцлогийг нь мэдээд харилцан ярилцаж чадвал шинэ үеийнхэн маань харин ч илүү бүтээмжтэй ажиллаж чадна гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн