Бидний өдөр тутмын амьдралд Хиймэл оюун ухаан (ХОУ) нэвтэрч, ажил, боловсрол, хүмүүсийн харилцаанд асар их өөрчлөлт авчирч байгаа гайхамшигтай хөгжлийн энэ үед бидний ирээдүйн талаар эргэцүүлэл хийж, хөгжлийн чиг хандлага хаашаа чиглэж буйг тооцоолох зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Технологийн дэвшил Гүүглийн эрин үед бид асуулт бүртээ хариулт авахын тулд секундийн дотор интернэтээс хайж хаанаас олох, яаж боловсруулалт хийх зэрэг оюуны ажил хийдэг байсан бол энэ цаг үед ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны программууд хөгжсөнөөр боловсруулагдсан бэлэн хариултыг нэг дороос авах боломж бүрдсэн. Ялангуяа ChatGPT-н хамгийн сүүлийн хөгжүүлэлт ChatGPT- o1 болон түүнтэй ижил системүүд орчин үеийн ХОУ-ын дэвшлийн томоохон төлөөлөл болж байна. Тэр ч байтугай ChatGPT нь докторын түвшний ойлголт, шүүмжлэлтэй дүгнэлт гаргах чадвартай болсон нь бидний ирээдүйн ажлын байрууд, боловсролын тогтолцоо цаашид хэрхэн өөрчлөгдөхийг зөвөөр таамаглах шаардлагыг бий болгож байна. Уг систем нь мэдээллийг зөвхөн дамжуулахаас гадна, гүнзгий дүн шинжилгээ хийх, сэтгэлгээний нарийн төвөгтэй асуудлуудад хариулт өгч чадаж байгаа юм. Иймд үүнийг дагаад энгийн түвшний оюуны ажил хийх хүмүүсийн хэрэгцээг багасаж байна. Өөрөөр хэлбэл, цагаан захтан гэж нэрлэгддэг оффисын ажилтнуудын хувьсгал ид явагдаж байгаа учир хүмүүсийн өнөөдрийн аж амьдрал ойрын хэдхэн жилийн дотор эрс өөрчлөгдөх болно.
Өнөөдөр мэдээлэл авах, боловсруулах ямар ч асуудал тулгарах үед бид AI-ийн системүүдээс асуулт асууж, асуудлыг шийдэх арга замыг амархан олох боломжтой. Гэхдээ энэ хандлага нь хүмүүсийн сурч хөгжих, шинийг бүтээх үйл явцыг сулруулах уу? Ухамсарт хүмүүс бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхгүйгээр зөвхөн ХОУ-ын өгсөн шийдлийг дагаад байх нь бидний ур чадварыг бууруулж, өөрсдийгөө хөгжүүлэх үйл явцад саад учруулах эрсдэлтэй. Тиймээс ХОУ-ыг хэрхэн зөв ашиглах, хүний чадавхийг хэрхэн нэмэгдүүлэх талаар эргэцүүлэх нь чухал. Жишээлбэл, ChatGPT-o1 шиг системүүдтэй хамтран ажиллах нь хүмүүсийн бүтээмжийг асар ихээр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна. Үүний тулд бид зөвхөн ХОУ-аас хариулт авах биш, түүнийг судалж, ойлгож, хүний шүүмжлэлтэй сэтгэлгээ, бүтээлч чадварыг үр дүнтэйгээр ашиглаж чадвал, цаг хугацаа хэмнэсэн гайхалтай амжилт ололт, цагийн менежмент, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.