Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш эрхтэй бөгөөд энэхүү тэгш эрх, тэгш боломж нас ахих тусам хязгаарлагдах ёсгүй. Жил бүрийн энэ өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, ахмадын эрхийн асуудлыг шат, шатандаа хөнддөг. Гэхдээ ахмадуудын эрх өдөр бүр хангагдаж чадахгүй байгаа судалгааны үр дүнгүүд гарсаар байна.
Улсынхаа хөгжлийн төлөө өтөл болтлоо зүтгэсэн ч үр дүн нь...
Үндсэн хуульд хүн бүр амьд явах эрхтэй гэж заасан байдаг. Тэгвэл амьдрахын тулд хүний суурь хэрэгцээнүүд хангагдсан байх ёстой. Гэтэл ахмад настнуудын орлого амьдрах суурь хэрэгцээг нь хангаж чадахгүй, дөнгөж л хүрэх хэмжээнд байна. Тухайлбал, ХЭҮК-ын судалгаагаар ахмад настнуудын өрхийн орлогын хүрэлцээтэй байдлыг судалж үзэхэд 52.4 хувь буюу 2 ахмад настны нэг нь өдөр тутмын суурь хэрэгцээнд ч орлого хүрэлцдэггүй (хоол, хүнс гэх мэт), 40.5 хувь нь өдөр тутмын суурь хэрэгцээндээ дөнгөж л хүрдэг гэж хариулсан байна. Монгол Улсын Засгийн газраас нийт олгосон өндөр насны тэтгэврийн хэмжээ 2005 оноос хойш 8.2 дахин нэмэгдсэн ч хэрэглээний үнийн өсөлттэй харьцуулахад харьцангуй бага байгаа бөгөөд ахмад настны тэтгэвэр, тэтгэмж нь тэдний амьжиргаанд хүрэлцэхгүй хэвээр байна. Нийт өндөр насны бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь буюу 274,443 ахмад настан 500,000-600,000 төгрөгийн хооронд тэтгэвэр авч ахуй амьдралаа залгуулж байна. Үлдсэн 17.6 хувь буюу 58,603 өндөр настан 600 мянгаас 2 саяас дээш төгрөгийн тэтгэвэр авч байна. Үүнээс үзэхэд улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, сэтгэл зүтгэл, мэдлэг, туршлага, хөлс хөдөлмөрөө зориулж 20-30 гаруй жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн атал амьдрах наад захын хэрэгцээ нь хангагдаж чадахгүй байна. Ахмадууд анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед хөгжих, оролцох, хөдөлмөрлөх, бие даан амьдрах, хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэх зэрэг эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ.
Хөгширлөө гээд нийгмээс гадуурхагдах ёсгүй...
Ахмад настнуудын хувьд ажил хөдөлмөр хийх хүсэл зориг, идэвх санаачилга гаргаж байгаа ч хөдөлмөрийн зах зээлд тэднийг ажиллуулах ажлын байр хомс байгаа учир хувиараа хөдөлмөр эрхлэх байдлаар хөдөлмөрийн харилцаанд оролцож байна. ХЭҮК-ын судалгаагаар хөдөлмөр эрхлэхэд үүсдэг үндсэн бэрхшээл нь нас заагаад ажилд авдаггүй асуудал байдаг гэж олон ахмад настан илэрхийлжээ. Ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа шалтгааныг тодруулахад 29 хувь нь нас өндөр болсон, 23 хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, 19 хувь нь нас заагаад ажилд авдаггүй, 7 хувь нь биед тохирсон ажил байдаггүй гэжээ. Хөдөлмөр эрхэлж байгаа ахмад настныг салбараар нь авч үзвэл үйлчилгээний ажилд 3.7 мянга, барилга, тээвэр, үйлдвэрлэлд 1.2 мянга, мал аж ахуйд 20.7 мянга, газар тариаланд 4.9 мянган ахмад настан ажиллаж байна гэж тэмдэглэснээс үзэхэд ахмадуудын маш цөөн хэсэг нь байнгын ажлын байранд хөдөлмөр эрхэлж, дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг аж. Манай улсын хувьд хүнийг насаар нь ялгаварлан гадуурхах асуудлыг хууль тогтоомжоор хориглосон хэдий ч бүхий л салбарт ахмад гэж тоохгүй, хүндэтгэлгүй хандах, ялгаварлан гадуурхах тохиолдол цөөнгүй гарч байна. Ахмад настнууд нийгмийн амьдрал, хөгжлийн үйл явцад бүрэн оролцож, хөгжлийн үр шимээс ижил тэнцүү хүртэх, мөн өөрийгөө хөгжүүлэх боломж, бололцоогоор хангагдах ёстой.
Дэлхий даяар хүн амын дундаж наслалт нэмэгдэж байна. Бүс нутгийн хэмжээнд 2050 он гэхэд 60-аас дээш насны хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэх тооцоотой байна. Манай улсын хувьд ч, хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа сайн мэдээтэй. Иймд ахмад настанд тулгамдаж буй асуудал маргааш танд ч тулгарч мэднэ. Тиймээс ахмад настны эрхийн асуудал бол бидний мартагдах учиргүй маргаашийн эрх юм.