Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамт олныхоо нэрийн өмнөөс дэвшүүлье.
2023 оны байдлаар манай улсад 385.3 мянган ахмад настан аж төрж байна. Энэ нь хүн амын 10.9 хувийг эзэлж байгаа юм. Нийт ахмадын 69 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 87.8 мянган ахмад настан хөдөлмөр эрхэлж байна.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлд суурилсан үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд ахмад настанд “Гэр бүлийн хөгжлийн төв”-өөр дамжуулж цогц үйлчилгээ хүргэх, асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг ахмад настанд чиглэсэн 5 зорилтыг тусгалаа.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шинэ хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Уг хуульд Ахмад настанд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлуудыг тусгаад байна.
Мөн ахмад настанд тохиолдож буй эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлын зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулж батлууллаа.
Төрөөс баримтлах ахмадын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд та бүхний идэвх оролцоо нэн чухал юм.
АХМАДУУД ТА БҮХЭН МИНЬ НИЙГМИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ КАПИТАЛ БИЛЭЭ.
Монголчуудын идэвхтэй насжилтыг дэмжиж, нийгмийн баталгааг хангахын төлөө бид хичээн ажиллах болно.
Настан буурлууд та бүхэн хойч үеийнхээ сайн сайхны төлөө хуримтлуулсан арвин их мэдлэг, туршлагаа бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм ахмад, буурлууд та бүхэн минь урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН