УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг намрын чуулганд өргөн барихаар болсноо мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн эрх мэдэл гэдэг жилээс жилд, сараас сард хумигдсаар орон нутагт шийддэг асуудал байхгүй болсон. Боловсон хүчний томилгоо гэдэг олон зүйлүүдийг 26 агентлагаас 24-ийг нь Улаанбаатараас томилж байна. Бүх аймаг, сум татаас авдаг. Бүх татварыг нь дээшээ татдаг. Буцаж Улаанбаатараас хуваарилдаг. Энэ нь эцэстээ орон нутаг, аймаг, сум өөрийгөө засаглах чадваргүй гэж эрх баригчид өнгөрсөн хугацаанд үзэж, бодлогоо хэрэгжүүлж эхэлж байж. Тэгэхээр ардчилсан намын бүлгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг намрын чуулганд өргөн барина. Манай Ардчилсан намын бүлгийн 42 гишүүнээс 14 нь аймаг, дүүргийн хурлын даргаар ажиллаж байсан. Нутагтаа эзэн байхын тулд хууль эрх зүй, төсөв, санхүү, үүнийг дагасан эрх чөлөө, боломжийг нь олгож байж иргэд тэндээ илүү төвлөрч ажиллаж, амьдардаг болох ёстой. Орон нутгийн төсөв 2020 онд нэгдсэн төвд эзэлж байгаа хувь нь 30 хувь байсан бол 2024 онд 20 хувь болоод буурсан.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Миний хувьд аймгийн Засаг даргаар хоёр удаа сонгогдон, томилогдон ажилласан. Аймаг, орон нутаг бие даан хөгжих, өөрсдөө асуудлаа шийдэхэд саад болж зүйл бол босоо томилгооны асуудал юм. Нэгжийн тухай Үндсэн хуульд аймаг, сум нийгэм, эдийн засгийн цогцолбор байна. Аймгийн засаг дарга аймгийн эрхэнд нийгэм, эдийн засгийнхаа асуудлыг бие дааж шийднэ. Гэтэл харамсалтай нь зөвхөн Улаанбаатар төвтэй Монгол Улсыг сүүлийн 20 жил эрчимтэйгээр байгуулж байна. Хэнд халамж, дэм хэрэгтэй байгаа вэ гэдгийг сум, аймгийн Засаг дарга нар л хамгийн сайн мэддэг. Монгол Улсын хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж байгаа чөдөр бол босоо томилгоо. Төвлөрсөн эрх мэдлийг задална гэдэг заалтыг Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрт оруулсан. Энэ өөрчлөлтийг хийхгүйгээр хөдөө орон нутгийн хөгжлийг тодорхойлох боломжгүй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Нийгмийн шинж чанартай салбарын удирдлагуудыг аймгийн Засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд томилдог, чөлөөлдөг, чиглүүлдэг байх шаардлагатай. Ингэснээр тухайн аймаг, орон нутагт болж байгаа бүх нийгмийн шинж чанартай үйл явц Засаг даргын мэдэлд хамаарагдаж явах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ Засаг даргадаа хэмжээлшгүй эрх мэдлийг өгнө гэсэн үг биш. Харин эргээд хариуцлага үүрэх тэр чадварыг шингээж өгөх ёстой. Орон нутагт байгаа Хүүхэд гэр бүл хөгжлийн ерөнхий газрын даргыг аймаг өөрөө мэддэг байх ёстой гэсэн үзэл санааг хуулийн төсөлд тусгахыг хүсэж байна.