НҮБ-ын шийдвэрийн дагуу жилийн бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон билээ. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Ардчилсан намаас “Хүүхдийн төлөө ахмадууд” форумыг зохион байгуулав. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд “Ахмадын баяр” тохиосон учраас гишүүд, дэмжигч ахмадуудтайгаа “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар хэлэлцэж, ахмадууд маань үүнд ямар оролцоотой байж болох тухай тэдний зөвлөмж, сургаалийг сонссон юм.
"Ахмадууд“ “Хүүхэд хөгжлийн карт” буюу сар бүр хүүхдэд 30 мянган төгрөг олгох төслийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчин байгаа юу”, “Хүүхдийн спорт, урлаг, оюуны хөгжлийг дэмжих буюу Монгол хүүхдийн хөгжил эрүүл мэнд”, “ Хүүхэд хөгжлийн 30 мянган төгрөг ба ахмадын ажлын байр” сэдвийн дор өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт мэндчилгээндээ “Бид өнөөдөр эх орны түүх, ардчилсан нийгмийг цоглоон бүтээсэн, залуус бидэнд хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, хөгжих боловсрох эрх чөлөө, газар үзэж, нүд тайлах эрх чөлөөг мэдрүүлсэн ахмад үеийн төлөөлөлтэйгээ чуулан ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа амьдрах нийгмийн тухай, Улсын нийслэл Улаанбаатар хотоо хүүхдэд ээлтэй хот болгохоор хэлэлцэх гэж байна. Бидний урилгыг хүлээн авсан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе. Хүүхэддээ, хүндээ, ахмадууд та бүхэндээ ээлтэй орчныг, хотыг бүтээхэд та бүгдийн оролцоо хүч дэмжлэг ямар чухал болохыг ухамсарлан ойлгож, үг сонсч, зөвлөгөө авахаар чуулж байгаа билээ. Нийслэлийн Ардчилсан нам Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ удаагийн сонгуульд иргэдээ төлөөлөн, иргэдийнхээ дуу хоолой болон шударга ёс, үнэний талд зогсч чадахуйц залуучууд, нийгмийн салбар бүрийн төлөөллөөр багаа бүрдүүлэн оролцож байгаа билээ” хэмээн онцлов.
Ардчилсан намын ахмадын холбооны дарга, Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр “Монгол хүн үр хүүхдээ бурхан мэт толгой дээрээ тахиж өсгөдөг уламжлалтай. Бүгд л үр хүүхдийнхээ төлөө амьдарч байна. АН-ын залуучуудын санаачилсан Хүүхэд хөгжлийн карт буюу хүүхдийн хөгжилд сард бүр 30 мянган төгрөг олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг батлагдана гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүд маань энэ картныхаа мөнгийг үр ашигтай зарцуулаад олон амжилтын эзэн болно гэж харж байгаа” гэв.