Манай улс хавдрын шинэ эмнэлэг барина гэж 2020 оноос ярьж эхэлсэн боловч ирэх оны төсөвт ч барих санхүүжилтийг нь суулгаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хавдрын шинэ эмнэлэг барина гэж ярьсаар тав дахь жилтэйгээ золгож байна. Учир нь шинэ эмнэлгийн ТЭЗҮ-ийг бэлэн болгоогүй учраас ТЭЗҮ, зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар санхүүжилт тавих боломжгүй болжээ.
2024 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд хавдрын эмнэлгийг эхлүүлэх санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгах санал гаргаж дэмжигдсэн. Ингэснээр энэ оны төсөвт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хавдрын шинэ эмнэлэг барихад төсөвлөсөн юм. Тэгвэл тус эмнэлгийн ТЭЗҮ-ийг одоог хүртэл дуусгаагүй учраас ирэх оны төсөвт хавдрын шинэ эмнэлгийн төсөлд санхүүжилт тавиагүй байна. 2023 онд шинэ эмнэлгийн зураг төслийг хийгээд явж байгаа гэж 10 тэрбумыг энэ оны төсөвт суулгасан ч ажлаа дуусгаагүй байна.
Зураг төсвийн хувьд анх 900 сая төгрөгөөр гэрээ хийжээ. Гэтэл үнийн өөрчлөлт болон байршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2.5 тэрбум төгрөг болон нэмэгдсэн байна. Тиймээс энэ жил Эдийн засаг, хөгжлийн сайдын багц дээр үлдсэн санхүүжилтийг тавьж зураг төсвийг хийнэ. 2024 оны эхний улиралд багтаан зураг төсвөө дуусгаад хоёрдугаар улиралд тендер зарлаад 10 тэрбумаар ямар ч байсан Хавдрын эмнэлгийн суурийн ажлыг эхлүүлнэ гэж байсан билээ. Шинэ эмнэлгийг БЗД-ийн 11-р хороо буюу “Sky resort”-ын цаана барихаар төлөвлөж байсан ч ирэх жил энэ төслийг эхлүүлэх боломжгүй болжээ.
Элэгний хорт хавдраар дэлхийн 183 улсаас нэгдүгээрт
Ходоодны хорт хавдраар 183 улсаас нэгдүгээрт
Улаан хоолойн хорт хавдраар 183 улсаас хоёрдугаарт
Цус харвалтаар 183 улсаас гуравдугаарт тус тус орж байна.
Тиймээс хавдрын шинэ эмнэлэг маш их хэрэгтэй байгаа ч ТЭЗҮ-ийг нь дуусгаж чадаагүй, ирэх оны төсөвт санхүүжилт суулгаж амжихааргүй болов. Хэрвээ ирэх жил дээрх эмнэлгийн төсвийг тавиулсан бол гурван жилийн дараа монголчууд хавдрын шинэ эмнэлэгтэй болох боломжтой байлаа.