Хамтарсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний хүрээнд Хөгжлийн банкны Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлэхээр болжээ. Өмнө нь Сангийн яам Хөгжлийн банкны Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байсан юм. Удахгүй Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөгжлийн банкийг удирдан ажиллах гүйцэтгэх захирлыг танилцуулж, томилуулах юм байна.
Хамтарсан Засгийн газарт багтсан АН-ын дарга Л.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн яамыг удирдан ажиллаж байгаа бөгөөд энэ утгаараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд АН-ын боловсон хүчнээс томилно. Одоогоор Хөгжлийн банкны захиралд З.Нарантуяа, Д.Батсайхан нарын нэрс хамгийн хүчтэй яригдаж байгаа аж. Хоёулаа Завханы угшилтай, банк санхүүгээр мэргэшсэн хүмүүс юм.
З.Нарантуяагийн хувьд эдийн засагч-санхүүч мэргэжилтэй. Монгол шуудан банкны дэд захирал, Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын орлогч, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.
Д.Батсайханы хувьд эдийн засагч-санхүүч мэргэжилтэй. Түүний хувьд 1994 оноос хойш Монголын банкны салбарт ажиллаж, Хас банк, Хаан банк, Төрийн банкинд удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай банкир юм.
Тэд хоёулаа улс төрийн албан тушаал хашиж байсан, намдаа нэр нөлөө бүхий хүмүүс Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд яригдаж байна. З.Нарантуяагийн хувьд санхүүгийн зах зээл талдаа илүү мэргэшсэн бол Д.Батсайханы хувьд банк талдаа илүү туршлагатай харагдана.
Түүнчлэн, Хөгжлийн банкийг удирдах шинэ захирлын томилгоотой зэрэгцэн тус банк цаашид бодлогын банк байх уу, Экзим банкны хэлбэртэй байх уу зэрэг асуудлууд тодорхой болох болов уу. Одоогоор Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөг байгаа бөгөөд томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтын зээл гаргахгүй байгаа юм.