Хамтарсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний хүрээнд Хөгжлийн банкны Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлэхээр болжээ. Өмнө нь Сангийн яам Хөгжлийн банкны Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байсан юм. Удахгүй Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөгжлийн банкийг удирдан ажиллах гүйцэтгэх захирлыг танилцуулж, томилуулах юм байна.
Хамтарсан Засгийн газарт багтсан АН-ын дарга Л.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн яамыг удирдан ажиллаж байгаа бөгөөд энэ утгаараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд АН-ын боловсон хүчнээс томилно. Одоогоор Хөгжлийн банкны захиралд З.Нарантуяа, Д.Батсайхан нарын нэрс хамгийн хүчтэй яригдаж байгаа аж. Хоёулаа Завханы угшилтай, банк санхүүгээр мэргэшсэн хүмүүс юм.
З.Нарантуяагийн хувьд эдийн засагч-санхүүч мэргэжилтэй. Монгол шуудан банкны дэд захирал, Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын орлогч, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.
Д.Батсайханы хувьд эдийн засагч-санхүүч мэргэжилтэй. Түүний хувьд 1994 оноос хойш Монголын банкны салбарт ажиллаж, Хас банк, Хаан банк, Төрийн банкинд удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай банкир юм.