Пауэрлифтингийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын “SBD Strength” клубийн тамирчин, спортын мастер M.Балжинням -74 кг-ийн төрөлд 207.5 кг шахаж, улмаар аваргын алтан медалийн тавцан дээр зогссон юм. Түүгээр ч зогсохгүй, суулт 255 кг IV байр, таталт 250 кг IV байранд шалгарч, нийлбэр дүнгээр 712.5 кг өргөж, давхар мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрээр ийнхүү Монголын Пауэрлифтингийн спортын түүхэнд залуучуудын Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны тамирчин болж, түүхэн амжилтыг бүтээж буй нь энэ. Пауэрлифтингийн спортын мастер М.Балжиннямтай баярын сэтгэгдлийг нь хуваалцан цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
М.Балжинням: Монголынхоо анхны нийлбэр дүнгээр медаль авсан тамирчин болсондоо маш их баяртай байна. Медалиа аваад, төрийн дууллаа эгшиглүүлэх мөчид өөрөөрөө маш их бахархаж, огшсон. Дэлхийн аваргын тайзан дээр анх удаа гарсан болохоор бага зэргийн сандралтай байсан. Гэхдээ багш нар болон намайг дэмжиж, тайвшруулж байсан хүмүүс байсан болохоор аль болох тайван байхыг хичээсэн. Би зургаан хүүхэдтэй айлын дунд хүүхэд. Гэрийнхэндээ хамгийн түрүүлж дэлхийн аварга болсноо хэлсэн. Манай гэрийнхэн бөөн баяр болсон. Би Оюу толгойн “MCS property” төслийн оосорлогч-дохиочноор ажилладаг. Ажлаасаа цалинтай чөлөө авч бэлтгэлээ хийгээд, тэмцээндээ амжилттай оролцчихоод ирлээ. Би анх чөлөөтөөр хичээллэдэг байсан бөгөөд пауэрлифтингийн спортоор 2017 оноос хичээллэж эхэлсэн. Анх шахалт л хийдэг байлаа. Ер нь өдийг хүртэл бэлтгэлээ тууштай, шантралгүй хийсэн. Пауэрлитингийн спортын хамгийн гоё нь өөрийнхөө рекордуудыг шинэчилж, өргөж буй жингээ ахиулах юм. Өөрийгөө үргэлж сорьж, амжилтаа ахиулдаг. Цаашдаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох зорилготой. Түүнчлэн, нийлбэр дүнгээрээ медаль авах зорилготой байгаа. Монголын тамирчид насанд хүрэгчдийн нийлбэр дүнгээр медаль авч байгаагүй. Ажлын хамт олон, пауэрлифтингийн холбоо, гэр бүл, найз нөхөд гээд тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна гэлээ.
Түүний дасгалжуулагч багшаар Монголын Пауэрлифтингийн холбооны болон олон улсын шүүгч, “SBD Strength” клубийн багийн ахлагч ОУХМ С.Минжбаатар болон Б.Дүвжид нар ажиллажээ. Пауэрлифтингийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Мальта улсад зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 750 гаруй тамирчин оролцсон юм.