Эдийн засаг | 4 мин уншина

Байр суурь: Мега төслүүд хэрэгжүүлэхийг дэмжинэ, харин төр томрохыг дэмжихгүй

Байр суурь: Мега төслүүд хэрэгжүүлэхийг дэмжинэ, харин төр томрохыг дэмжихгүй
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 30
Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх эдийн засгийн өсөлтийг тэлэх, өсөлтийг өрхөд чиглүүлэх, төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг дэмжих агуулга доор 2025 оны төсвийн бодлогыг тодорхойлж буй. Ирэх оны төсвийн төсөлд нийт зарлагыг 35.8 их наяд төгрөг, орлогыг 33.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар Сангийн яам төсөөлжээ.
Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс есдүгээр сарын 27-нд “Төсөв 2025” хэлэлцүүлгийг санаачлан, зохион байгуулсан юм. Эл хэлэлцүүлгээр голлон яригдсан асуудлын нэг нь 14 мега төсөл байлаа. Төсвөөс хэрэгжүүлэх, гаднын зээл, тусламжаар урагшлуулах 14 том төслийн эдийн засагт нөлөөлөх үр өгөөжийг эдийн засагчид дараах байдлаар харж байна. Түүнчлэн, мега төслүүд дотор ган татлагат гүүрнээс эхлээд өртөг өндөртэй хэр нь үр өгөөж багатай бүтээн байгуулалтууд багтсаныг Их хурлын гишүүдээс эхлээд эдийн засагчид шүүмжлэлтэй хандлаа.
undefined
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Миний хувьд төсвийн зарлагын тэлэлтэд маш их санаа зовж байна. Маш богино хугацаанд, 2-3 жилийн дотор 10 гаруй их наяд төгрөгөөр төсвийн зарлага нэмэгдээд байна. Тэгэхээр энэ хэрээр хувийн хэвшлийн орон зай хумигдаж байна гэсэн үг. Манай улсад эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдээд байна. Иймд бид тоон утгаараа төсвийнхөө хэмжээг бууруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэж харж байгаа. Төсвийн урсгал зардлуудыг байж болох хэмжээгээрээ танах шаардлагатай. Хэрэв бид хувийн хэвшлийн нөхцөлд анхаарахгүй бол төрд зориулсан эдийн засагтай болоод байна. Мөн "Өөдөө тэмүүлэх Монгол ган татлагат гүүр" гэдэг төсөлд 2.8 их наяд төгрөг, Хөшгийн хөндийн тунель гэх мэтчилэн мега төслүүд дотор өндөр өртөгтэй ч үр ашиг багатай бүтээн байгуулалт багтсан байна.
undefined
Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхан: Агуулгын хувьд харахад, 2025 оны төсөвлөлт харьцангуй сайжирсан. 2025 онд төсөвлөсөн 100 гаруй төсөл байгаагийн 70 гаруй хувь нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт чиглэсэн байна. Гэхдээ бидний үүрэг бол төсвийн тогтвортой байдлыг хангуулах, нийтийн эрх ашгийг хамгаалах юм. Хэрвээ бид эдийн засгийг 8 хувиар өснө гэж төсөөлөөд, цаашдаа 6-7 хувиар өснө гэж үзэж байгаа үед өсөлт нь таамагласнаас доогуур байвал эрсдэл үүснэ. Өнөөдөр төсвийн зардал олон шалтгаантай өсөж байгаа. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Хоёрдугаарт, хуулийн шалтгаантайгаар тэтгэврийн бодлогыг өөрчилсөнтэй холбоотой механик төсвийн урсгал зарлага өндөр байгаа энэ үед эдийн засагт тодорхой хэмжээний эрсдэл гарах юм бол төсөв даахгүй шүү. Төсвийн хүрээний мэдэгдлээр дунд хугацааны төсвийн тогтвортой байдлаа хадгалах шаардлага гарцаагүй байгаа гэдгийг бидний зүгээс сануулж байна. Түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөж, эрэмбийн асуудлыг олон нийтэд ил тод болгох шаардлагатай. Эдгээр төслүүдийн эдийн засгийн үр өгөөж ямар байх юм. Ямар шат дамжлагаар гэдэг хууль зүйн процесс нь тодорхой боловч тэрхүү процессын олон нийтэд ил тод байдал нь эргэлзээтэй байгаа учраас олон нийтийн дунд эргэлзээ төрөөд байна. Иймээс илүү ил тод тогтолцоог цаашдаа бий болгох шаардлага байна.   
Банк санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарам: Өнгөрсөн жилтэй харьцуулахад ирэх оны төсвийг 20 орчим хувиар нэмж байна. Төсөв тэлж байгаа нь эдийн засаг тогтвортой болж байгаа энэ үед төлбөрийн тэнцэл болоод инфляцад нэлээд дарамт үзүүлэх болов уу гэсэн хүлээлт байна. Ихэнх төсвийн хөрөнгө оруулалтууд зарлага талдаа хэрэглээ болоод импортыг дэмжээд явж байгаа.
Мега төслүүд явах ёстой. Тэр төслүүдэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд явах ёстой гэсэн байр суурийг дэмжиж байгаа. Гэхдээ түүнийг хэрхэн, яаж, хэзээ, ямар эрэмбэ дараатай хийх вэ гэдэг нь тодорхой биш байгаад эргэлзээд байна.
undefined
Нээлттэй нийгмийн форум хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам: Төсвийн оролцоог нэлээд өөдрөгөөр буюу 95 их наяд төгрөг гээд төсөөлсөн байна. Эдийн засгийн өсөлт үнэхээр 8 хувьд хүрэх үү гэдэг нь эргэлзээтэй. Манай улс уул уурхайн экспортоос хамаарч байдаг. Ер нь бол төсвийн алдагдлыг 1.9 их наяд гээд тусгасныг бууруулах хэрэгтэй. 2025 онд зээлийн хүүгийн үйлчилгээний төлбөрт гэхэд 1.3 их наядыг төлнө гээд тусгасан байгаа. Тэгэхээр ийм их зээлийн үйлчилгээний төлбөр төлөх гэж байгаа, дараа дараагийн бондууд хүлээгдэж байгаа энэ үед бид төсвийн алдагдлаа бууруулах хэрэгтэй байна. Зураг төсөлгүй төслүүдийг оруулахгүй байх, төсөвт өртөг нь хэр зэрэг нэмэгдэж байгаа вэ гэдэгт анхаардаг байх хэрэгтэй. Нэн түрүүнд эрчим хүч болон утааг бууруулах дээр анхаарах шаардлагатай гэж харж байгаа. Төр эдийн засагт оролцох гэхээс илүү бизнесийн орчныг сайжруулахад анхаарах нь зөв.
undefined
Эдийн засагч Б.Лакшми: Ирэх оны төсөвт ТЭЗҮ-д маш их хэмжээний мөнгө зарцуулагдаж байгаа. Хоёрдугаарт, зам тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөсөн байна. Энэ жил төслүүдийн урьдчилсан ТЭЗҮ хийгдэж байгаа нь давуу тал гэж харж байгаа. Олон улсын томоохон судалгаануудаас харахад Монгол Улсын хамгийн том сул тал дэд бүтцийн асуудал байдаг. Зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт их төсөвлөгдөж байгаа нь олон салбарт давуу тал гарна. Төсвийн орлогоо бид өөдрөгөөр төсөөлөөд байдаг. Гэвч бид хоёр хөршийнхөө эдийн засгаас ихээхэн хамаардаг. Иймээс үүнд анхаарах хэрэгтэй.
Төсвийн эрэмбэ дарааллыг бий болгох, төсөл хэрэгжих процессыг олон нийтэд ил болгох шаардлагатайг эдийн засагчид анхааруулж байна. 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн