Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх эдийн засгийн өсөлтийг тэлэх, өсөлтийг өрхөд чиглүүлэх, төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг дэмжих агуулга доор 2025 оны төсвийн бодлогыг тодорхойлж буй. Ирэх оны төсвийн төсөлд нийт зарлагыг 35.8 их наяд төгрөг, орлогыг 33.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар Сангийн яам төсөөлжээ. Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс есдүгээр сарын 27-нд “Төсөв 2025” хэлэлцүүлгийг санаачлан, зохион байгуулсан юм. Эл хэлэлцүүлгээр голлон яригдсан асуудлын нэг нь 14 мега төсөл байлаа. Төсвөөс хэрэгжүүлэх, гаднын зээл, тусламжаар урагшлуулах 14 том төслийн эдийн засагт нөлөөлөх үр өгөөжийг эдийн засагчид дараах байдлаар харж байна. Түүнчлэн, мега төслүүд дотор ган татлагат гүүрнээс эхлээд өртөг өндөртэй хэр нь үр өгөөж багатай бүтээн байгуулалтууд багтсаныг Их хурлын гишүүдээс эхлээд эдийн засагчид шүүмжлэлтэй хандлаа.УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Миний хувьд төсвийн зарлагын тэлэлтэд маш их санаа зовж байна. Маш богино хугацаанд, 2-3 жилийн дотор 10 гаруй их наяд төгрөгөөр төсвийн зарлага нэмэгдээд байна. Тэгэхээр энэ хэрээр хувийн хэвшлийн орон зай хумигдаж байна гэсэн үг. Манай улсад эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдээд байна. Иймд бид тоон утгаараа төсвийнхөө хэмжээг бууруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэж харж байгаа. Төсвийн урсгал зардлуудыг байж болох хэмжээгээрээ танах шаардлагатай. Хэрэв бид хувийн хэвшлийн нөхцөлд анхаарахгүй бол төрд зориулсан эдийн засагтай болоод байна. Мөн "Өөдөө тэмүүлэх Монгол ган татлагат гүүр" гэдэг төсөлд 2.8 их наяд төгрөг, Хөшгийн хөндийн тунель гэх мэтчилэн мега төслүүд дотор өндөр өртөгтэй ч үр ашиг багатай бүтээн байгуулалт багтсан байна.