Хамтарсан Засгийн газар ирэх жилээс 14 мега төслийг хэрэгжүүлэхээр болсон. Мега төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын 24 хувийг зам тээврийн салбарт төсөвлөхөөр төлөвлөөд буй. Иймд зам тээврийн салбарт төсөвлөхөөр төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт хэр үр дүнтэй байх, тээврийн салбарт хөрөнгө оруулалт төсөвлөхдөө нийтлэг гаргадаг алдаануудын талаар Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдоос тодрууллаа.
Тэрээр “Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай. Үндсэн хуульдаа Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж заасан. Төсвийн бүх асуудлууд нарийн зохицуулалттай байдаг. Гэхдээ бодлого төлөвлөлтийг хийдэг арга зүй аргачлал, үнэлгээ, эрэмбэ дээр их асуудал байна гэж харж байгаа. Автозамыг олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөдөг. Энэ бол улс орны өссөн хөгжлийн бодлого, хүн амын нутаг суурьшлын ерөнхий төлөвлөгөөг харж байгаад шийддэг асуудал. Түүнчлэн, үүнээс үүдээд худалдаа хэрхэн явах, ямар тээвэр явахыг төлөвлөсний дараа ямар зам барихыг шийддэг. Харин Монголд өнөөдөр шууд улс төрийн шийдвэр гаргаад, зам төлөвлөөд байдаг. Ингэснээр эдийн засгийн үр өгөөж байхгүй төслүүдэд илүү их хөрөнгө оруулалт оруулдаг гэсэн үг. Замыг бид хоёр хувааж үзэж болно. Үүнд нийгмийн болон эдийн засгийн ач холбогдолтой автозам байна. Нийгмийн ач холбогдолтой автозамыг улс орны хөгжилд зайлшгүй шаардлагатай бол түүнийг хийхээс өөр арга байхгүй. Төсвөөр хийх нь бас зүйн хэрэг. Харин эдийн засгийн ач холбогдолтой зам дээр эргэж хармаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ач холбогдолтой замыг төмөр зам барих юм уу. Эсвэл автозам барих юм уу гэдгийг шийддэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл автозам барих болгонд тээврийн хэрэгслийн эрэлтийг нэмээд байдаг. Тэгээд түгжрэл, автозамын хэрэглээг дэмждэг. Гэтэл бусад улс оронд төмөр зам барьдаг. Төмөр зам эдийн засгийн утгаараа автомашины хэрэглэгчийг бууруулж, төмөр замын хэрэглээг дэмждэгээрээ онцлогтой. Манай зам тээврийн байгаа хүчин чадал нь ойролцоогоор жилд 630 км зам тавих чадалтай. Төсвийн төслөөс танилцуулж байгаа 1.6 их наяд төгрөгөөр 800 гаруй км зам барих гээд байна. Нийт том утгаараа бол 4000 км гээд байгаа. Үүн дээр бол манайд байгаа автозамын компаниуд, тоног төхөөрөмж, хүний нөөц, зам барих түүхий эдүүдийг хаанаас авах нь мэдэгдэхгүй дүр зураг харагдаад байна. Иймд ирэх жил барих гэж байгаа автозам 100 хувь төлөвлөснөөрөө баригдана гэдэгт итгэлгүй байна.
Манай автозамын компаниуд өнөөдрийн тавьсан зорилгыг хангаж чадахгүй. Иймээс яалтачгүй гаднын буюу Хятадын компаниуд орж ирж үүнийг барихаас өөр аргагүй болох байх. Монголын автозамын стандарт, технологи нь дээр нь явдаг тээврийн хэрэгслийнхээ технологийг гүйцэхээ больсон. Бид ердийн замыг 44 тонноор л хязгаарлаад байдаг. Гэтэл том тээврийн хэрэгслүүд 120-140 тонныг тээвэрлэж байна. Энэ бол эдийн засаг талаасаа маш ач холбогдолтой. Ялангуяа уул уурхайн тээвэрт хэрэгтэй. Тиймээс доор нь байгаа замын чанар, даацын асуудлыг эргэж харахгүй бол болохгүй. Социализмын үеийн Зил-130, Камад зэрэг машин явдаг байсан үеийн стандартаар өндөр хүчин чадалтай тээврийн хэрэгслийг явуулах ямар ч боломжгүй. Тэгэхээр үүн дээр тээврийн болон автозамын бодлого уялдах ёстой. Тээврийн бодлого нь түрүүлж явах ёстой. Тээврийн бодлогыг хэрэгжүүлэх дэд бүтцийг бид байгуулах ёстой” гэлээ.