Эрүүл монгол | 2 мин уншина

Б.Батхишиг: Хавдар даван туулсны дараа дэлхийн найм дахь оргилд гарч чадлаа

Б.Батхишиг: Хавдар даван туулсны дараа дэлхийн найм дахь оргилд гарч чадлаа
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 26
Гималайн нурууны ноён оргилуудын нэг, дэлхийн найм дахь ноён оргил Манаслу буюу 8163м оргилд амжилттай гарсан Монголын анхны эмэгтэй Б.Батхишиг боллоо. Тэрээр 2023 онд аравдугаар сард хөхний хорт хавдар өвчнөөр оношлогдож, тус оны арванхоёрдугаар сард хорт хавдрын хагалгаанд орсон байна. Тэрээр өнөөдөр хавдар хэмээх аюултай өвчнийг даван туулагчдын эгнээнд багтаад байна. Ингээд түүний хүнд өвчнийг даван туулсны дараа дэлхийн өндөр оргилд гарсан баярын сэтгэгдлийг та бүхэндээ хүргэж байна.
Б.Батхишиг: Оргил дээр гараад далбайгаа мандуулах гоё байсан. Надад итгэсэн олон хүний итгэлийг алдахгүй оргилд гарч чадсандаа баяртай байна. Хавдар гэх өвчнийг даван туулсны дараа энэ оргилд гарах амаргүй, бас хүнд байлаа. Хүн өөрөө өөртэйгөө л өрсөлдөж, тэмцэх хэрэгтэй гэж би боддог. Энэ хүрэх зам тийм ч амар байгаагүй. Өөртэйгөө их тэмцэж, тайвшруулж, бясалгасан. Дандаа огцом өндөр авалт, буулт хийлээ. Огцом өндөр авалтууд нь их хүнд. Жаахан ч гэсэн алсуур явалт байхгүй.
Би олон жилийн нойргүйдлээс улбаатай хөхний хорт хавдраар оношлогдсон. Хоёр жил өвдсөн болохоор оргил руу хүрэх аяллаас илүү замын зардал, хувцас, хэрэглэл, шерфаны мөнгө гээд зардлаа олох аялал маань илүү хүнд байсан даа. Хөхний хорт хавдрыг даван туулсны дараа том хайрханд гарах шийдвэрийг гаргахад минь тусалсан гэр бүлийнхэндээ талархъя. Оргилд гарахын өмнө би замаа их харж, боддог. Өөртэйгөө тэмцэж, төлөвлөгөөгөө гаргаж байгаад дайрдаг. Өндөр уулын оргилд гарах үргэлж амаргүй байдаг. Тэсвэр тэвчээрийн туйл байж л оргилд хүрнэ, өөрийгөө ялна. Би өмнө нь 2023 оны тавдугаар сард Эверестийн хос оргил, дэлхийн дөрөв дэх  дээвэр Лхоце оргилд бас авирч байсан. Лхоце оргил нь 8516 метр өндөр оргил юм. Миний биеийн байдал хүнд байсан ч оргилд гарч чадсан. Хүн хүсэж, хөдөлмөрлөж чадвал ямар ч нөхцөлд амжилтад хүрч чадна гэдгийг би өөрийн биеэр туулж, харуулахыг зорьсон. Түүндээ ч хүрлээ. Спортоор хичээллэснээр аливаа зүйлийг даван туулах чадвар, сэтгэлийн тэнхээтэй болсон. Хөдөлмөрлөсөн, спортоор хичээллэсэн хүн аливаа өвчний ард сайн гарч, амжилтад хүрч чаддаг юм байна.
Б.Батхишиг олон хүмүүст өвчнөө даван гарах, оргилд хүрэх урам зориг, үлгэр дуурайлал боллоо. Түүн шиг хавдраа даван туулж, мөрөөдөлдөө хүрэх боломж хүн бүрд бий.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн