"Фитч" агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд онцлох соргог мэдээ байлаа. Сүүлийн 10 жилд тохиогоогүй үйл явдал гэхээр тэр хэрээр үнэ цэн нэмэх. Ийм урт хугацааны дараа Монгол Улс зээлжих зэрэглэлээ сайжруулж, олон улсад нэр хүндээ баталгаажууллаа.
"В+/Тогтвортой" түвшин гэдэг өндөр үнэлгээ. Үүний төлөө хөгжиж буй орнууд өрсөлддөг. Хямд зардлаар хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр улсдаа авчрах гэж тэд улайрдаг. Зэрэглэл шилжиж, сайжирна гэдэг хөрөнгө оруулалтын зардал буурна гэсэн үг юм.
Монгол Улс хөрөнгө оруулагчдад хэлэх үгтэй боллоо. Тэдний хараанд өртөх түвшний зээлжих зэрэглэлтэй болж, хэлцлийн ширээнд нүүр бардам суух эрх авлаа. Хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд, мөнгөний эзэд голчлон зээлжих зэрэглэлийг нь хардаг. Үүгээр хэмжиж, түнш, харилцагч, хөрөнгө оруулагчаа танддаг. Санхүүгийн далайд олон хэмжүүр бий. Түүнээс хамгийн их итгэл төрүүлэхүйц тулах цэг нь зээлжих зэрэглэл юм.
Эргэн сануулахад, 2013 оноос манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтмол уруудаж, 2016 онд хамгийн доод шатандаа хүрч байсан билээ. Энэ үед манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орсноор зээлжих зэрэглэл аажмаар сэргэж, 2018 онд "В" ангилалд ирсэн юм. Энэ түвшнээс өнөөдөр "В+/Тогтвортой" болж, төр, хувийн хэвшилд гэрэл асав.
Зээлжих зэрэглэл нь хөрөнгө оруулалтын олон боломж дууддаг. Зэрэглэлийн түвшин өндөр байх тусмаа л харилцах, хамтрах цар хүрээг тэлдэг. "Нөхрийн чанар"-ыг таних үзүүлэлт ч гэж энгийнээр буулгаж болох юм. Товчхондоо, зээлжих зэрэглэлийг зээл эргэн төлөлтийн чадамж, санхүүгийн сахилга бат, найдвартай байдал, засаглал, хэлсэндээ хүрдэг зарчмын илэрхийлэл гэвэл онох.