Улс төр | 3 мин уншина

ЗГ: "Эрдэнэс Таванолгой"-г улс төрөөс ангид байлгах тогтоолыг баталлаа

ЗГ: "Эрдэнэс Таванолгой"-г улс төрөөс ангид байлгах тогтоолыг баталлаа
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 25
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар ЭТТ ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр удирдуулах тухай тогтоолыг баталж, мөн хувийн хэвшилд байгаа стратегийн ордын эзэмшигч нарт хэлэлцээр хийх урилга хүргүүлэх болсон байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанид авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.ЭТТ ХК-ийн 28 хувийг иргэд эзэмшдэг. Тодруулбал, 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй компани гэсэн үг. Хэдийгээр бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол ил тод нээлттэй компани. Өнөөдөр ЭТТ ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа гэж ойлгож болно.
Гаднын менежментээр удирдуулдаг хамгийн сайн жишээ нь Чили улсын Codelco буюу төрийн өмчийн зэс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа компани. Манайх шиг хүдэр дэх зэсийн агуулга нь буурсан. Үйлдвэрлэлийн өртөг нь өссөн. Мөн улс төрийн нөлөөлөл орсон. Ил тод нээлттэй байдал алдагдсанаас болоод менежментийн үйл ажиллагаа доголдсон байсан. Чилийн Codelco компани зөвлөх үйлчилгээний компани аваад, менежментээ хөндлөнгийн компаниар удирдуулсан. Үүний үр дүнд орлого өссөн сайн үзүүлэлтүүд гарсан сайн туршлага байдаг. Мөн Саудын Арабын хаант улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн харьяа Mining компани хөндлөнгийн менежментийн компаниар удирдуулсан. Үүний үр дүнд мөн үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн. Зардал 20 хувь буурч, орлого нэмэгдсэн сайн үзүүлэлтүүд байдаг. Мөн Хятадын төрийн өмчийн компанид ч ийм туршлага бий. Тийм ч учраас ЭТТ ХК-ийн менежментийг авч явах олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаад, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар удирдуулах Засгийн газрын шийдвэр гарч байгаа. Бид өнөөдрөөс эхлээд ЭТТ ХК-д аудит, үнэлгээ хийнэ. Ажлын албан даалгавар боловсруулах дээр зөвлөх үйлчилгээ авна. Нээлттэй сонгон шалгаруулалт явуулах тал дээр мөн зөвлөх үйлчилгээ авна.
ЭТТ ХК-ийг олон нийтэд нээлттэй, хяналттай болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өмнө нь ЭТТ ХК-д гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлаж байсан ч улс төрийн нөлөөлөл орсон. Зөвлөх үйлчилгээ болон менежментийг авахад дөрвөн үе шаттай байна. Нэгдүгээр үе шат буюу бэлтгэлийг хангана. Бид энэ үйл ажиллагаанд оролцохгүй. Зөвлөх үйлчилгээний компани зорилтуудыг тодорхойлно. Хоёрдугаар үе шат буюу нээлттэй тендерийг шууд зарлана. Энэ бол хэн нэгний гүйцэтгэх агуулга биш. Энэ бүхэн нь менежментийн хувьд цалин хөлс, удирдлагаа тохироод, ард түмний нүдэнд ил тод байна. Ашгаа нэмэгдүүлж, бүтээмжээ ахиулахын тулд ийм шийдвэр гаргаж байна. Хараат бусаар гэрээ хийгээд ажиллах болохоор улс төрөөс ангид байх юм.п
Стратегийн ордтой хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээр хийнэ
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш эрдэс баялаг үйлдвэрлэж, олборлож байгаа ордыг стратегийнх гэж хэлдэг. Стратегийн ордуудаас орж байгаа орлого Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Стратегийн ордуудын хуулийг шинэчлээгүй удаж байна. Нийт 16 стратегийн орд байдгаас 7 нь төрийн эзэмшилд байдаг бол 9 нь хувийн эвшилд байдаг. Иймд хувийн хэвшилд байгаа стратегийн ордуудад хэлэлцээр хийх урилга хүргүүлнэ.
Дээрээс нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын дэргэд бид уул уурхайн салбарын эксперт, эрдэмтэн судлаачды багтаасан ажлын хэсэг байгуулж хэлэлцээрт хамт оролцъё гэж урьж байгаа. Зөвхөн төрийн эзэмшилд байгаа 7 стратегийн ордын 34 хувийн ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлбэл 2040 он гэхэд 28 их наяд болох тооцоолол гарсан. Хэрвээ хувийн хэвшилд байгаа стратегийн ордын ногдол ашгийг хамгийн багаар бодоод төвлөрүүлбэл 2040 он гэхэд Хуримтлалын санд 32 их наяд төгрөг хуримтлагдана гэж ойлгож болно. Цаашдаа Хуримтлалын сангаас иргэдээ орон сууцны урьдчилгаагүйгээр ипотекийн зээлд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах бололцоо үүснэ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн