Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэлдэхүүн бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлж, өчигдөр /2024.09.24/ хаалтын хүндэтгэлийн хуралдаанаа зохион байгууллаа. Хуралдаанд Хурлын төлөөлөгчид, энэхүү бүрэлдэхүүнд ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчид, Засгийн газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүхий хүндэт зочид оролцов. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн ИТХ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ энэ удаагийн хотын хурал, 76 гишүүнтэй сүүлчийн парламент, Засгийн газар, засаг дарга нарын хамтдаа бичсэн нэн шинэ түүх бол Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчныг бүтээсэн үйл явдал гэдгийг онцлов.
Тэрбээр “...Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчин бүрдсэнээр хотын иргэд өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, алдагдсан газруудаа эргүүлэн олж авлаа.
Туул, Сэлбэ голын эхээ, Хүүхдийн паркаа, Төв цэнгэлдэх хүрээлэнгээ Нийслэл хот, Нийслэлийн иргэддээ буцаан авлаа. Эргүүлэн олж авсан орон зайн дээр ногоон орчин, явган зам, тоглоомын талбай, авто зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөх болно.
Газар өмчлөх, ашиглах эрх зүйн орчныг эрүүл зөв болгох багц дүрэм журмыг хэлэлцэн баталсан. Хараа хяналтгүй, эмх замбараагүй, дур дураараа газар олгож ирсэн журамгүй байдлыг журамлав. Газар олгох үйл явцад иргэний шууд хараа хяналт тогтлоо. Бид мөн нийслэлийн хэмжээнд мөрдөх 15 бүлгийн 52 стандартыг баталлаа.