Боловсролын сайд П.Наранбаярын явуулж буй бодлого, шийдвэртэй холбоотой эсэргүүцэл, огцруулах шаардлага, хүсэлтүүд ар араасаа хөвөрч байна. Салбарын байгууллагууд нь түүний гаргаж буй шийдвэрт "цаг үеийн мэдрэмжгүй, боловсроогүй, сайд байх эрхгүй" хэмээн ихээхэн шүүмжлэлтэй хандаж, салбарын асуудлууддаа бодитой, ул суурьтай хандахыг сануулж байгаа юм. Тухайлбал, 2024 оны есдүгээр сарын 20-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцон огцруулах, салбарын багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх" талаар шаардлага хүргүүлэхээр болсноо мэдээлсэн.
МБҮЭХ: Боловсролын сайдыг огцруулахгүй бол өндөг байтугай чулуу нүүлгэнэ, ажил хаяна

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатар: П.Наранбаяр нь одоо мөрдөгдөж байгаа болон тухайн үед мөрдөгдөж байгаа хууль дүрмээр багшлах эрхгүй байсан. Сайд болсноосоо хойш салбарын асуудлуудыг нэлээд бужигнуулж байна. Боловсролын яаман дээр нийслэлийн сургуулиудын захирлуудыг цуглуулж уулзалт хийх нэрийн доор Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа Хүн намын нэр дэвшигчдийг дэмжихийг уриалж, төрийн яамыг сонгуулийн сурталчилгаа болгосон. Багш нарын цалингийн асуудлын талаар маш бодлогогүй үгнүүдийг хэлсэн. Тухайлбал, Монголын багш нар 1000 долларын цалин авдаг мэтээр худлаа ярьж, болчимгүй үйлдлүүдийг хийж байна. Саяхан сайдын тушаалаар курсийн багшийг бэлтгэх шийдвэрийг гаргаж, нийгмийг талцууллаа. Сайд болсноосоо хойш маш олон хууль бус үйлдлүүд хийсэн..Боловсролын салбарын гол ачаалал нийслэлд байна гэж үзэж байгаа. Гэтэл нийслэлийн багш нарт ямар ч нэмэгдэл байхгүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ. Геометрийн прогрессоор өсөж байгаа багшийн хомсдолыг архиметикийн прогрессоор өсөх цалин хэзээ ч гүйцэхгүй. Нэг ангид 30-аас дээш хүүхэд сургамааргүй байна. Бродюр солихдоо стандарт бариад байдаг. Боловсролын байгууллага руу орохдоо стандарт барьдаггүй байж болохгүй. Болчимгүй үг, үйлдэл гаргаад байгаа. Багш нарыг нийгэмд гутааж, доромжлоод байгаа, мэргэжлийн биш увайгүй хүн намын сайдаа зайлуул аа. Хатуу хэлж байна.