Сонгуулийн ерөнхий хорооноос Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар зарим намын төлөөлөлд өнөөдөр (2024.09.20) сургалт, мэдээлэл хийлээ.
Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн нам үйл ажиллагаа, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гишүүдээ сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих зэрэг үүрэг хүлээсэн. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шаардлага хангаагүй бол идэвхгүйд тооцох, санхүүжилтийг зогсоох зэрэг хариуцлагыг ч хуульд тодорхой заасан. Түүнчлэн улс төрийн намд төрөөс үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэхээр хуульчилсан.
Хуулийн хэрэгжилтийг хангахад намуудад дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа нар зарим улс төрийн намын төлөөлөлд мэдээлэл өгч, санал солилцлоо.
Улс төрийн намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах бөгөөд албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягаа Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хуульчилсан. Цахим хуудастаа байршуулах баримт бичиг, мэдээллийг Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтад тодорхой тусгасан. Сонгуулийн ерөнхий хороо намын цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, цахим хуудаст байршуулсан баримт бичиг, мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулж, тухай бүр шинэчлэх учраас цахим хуудас дахь мэдээллийн бүрдлийг хангахыг Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн зөвлөв.