Дайн Украинд сүйрэл, Оросын эдийн засагт томоохон гажуудал үүсгэж, Европыг уналтад оруулав. Гэхдээ дайнаас маш их ашиг хүртэж байгаа нь Төв Ази болоод байна гэж Intellinews онцолжээ.Киргиз, Узбекистан, Казахстан, Тажикистан, Туркменстан гэсэн таван “стан” орны худалдааны хэмжээ нэмэгдэж, ОХУ-ын эрэлт хэрэгцээ нь дээр дурдсан орнуудын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлтийг өдөөж байна. Худалдааны нэмэлт орлого, мөөг шиг олширсон эрэлт нь асар их өөрчлөлт болж байгаа бөгөөд тэд орлогоо хөгжилд зориулж байна. Ялангуяа Киргиз улсын төсвийн орлого өнгөрсөн онд хоёр дахин өссөн бөгөөд гэнэтийн ашгийг усан цахилгаан станцын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зарцуулж, жижиг уулархаг бүгд найрамдах улс бусад бүс нутгийн эрчим хүчний төв болон хувирч байна. Оросууд Украин руу довтолсны дараа олон шинжээч "Станчууд аль нэг талыг сонгохоос өөр аргагүйд хүрнэ, эс бөгөөс хориг арга хэмжээнд өртөнө" гэж үзэж байсан. 2022 оны гуравдугаар сард Узбекистаны тухайн үеийн Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов Украинд нэн даруй гал зогсоохыг уриалж, тус улсын бүрэн эрхт байдлыг баталж, Донецк, Луганскыг тусгаар тогтносон бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан Төв Азийн анхны орон болов.