Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ үеэрээ тэрээр ирэх дөрвөн жил өөртэй нь гар нийлэн ажиллах хотын даргыг сонгож өгөхийг нийслэлчүүдээс хүслээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Улаанбаатар хотыг Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Өмнө нь Ерөнхий сайд хотын дарга хоёр бие биеэ дэмжиж, ойлголцож ажилладаггүй байсан. Тиймээс Засгийн газар нийслэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, бусад төслүүдэд улсын төсвийг зарцуулдаг байсан. Нийслэл асуудлаа Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод хана мөргөсөн. Үүний үр дагаварт нийслэл амьдралын чанарын хувьд таатай биш хот болж хувирсан. Хүнээр бол эрүүл мэндийн хувьд нэлээд өвдсөн. Тиймээс үүнийг өөрчлөх гэж Х.Нямбаатарыг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад УИХ-ын гишүүн, сайдаас нь татгалзуулаад хотын дарга болгосон. Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Учир нь, авлига, боомт нээх гэх мэт олон асуудлыг Х.Нямбаатар барьж аваад заавал асуудлынхаа ард гардаг. Төрд ийм албан хаагч олон биш. Ихэнх нь "гал бариад яах вэ, чимээгүй байж байгаад цаг хугацаа өнгөрөөе" гэсэн хандлагатай байдаг.
Тиймээс Ерөнхий сайдын хувьд хотын том шинэчлэл хийхийг зориглоод шийдэж байгаа энэ үед нийслэлчүүд надтай гар нийлж, хамтран ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал байна. Энэ Засгийн газарт гэхээсээ илүү нийслэлчүүдэд хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газартай ойрхон ажилласан тэр орон нутаг л хөгжсөн. Тухайлбал, Дорноговь, Дархан-Уул аймаг байна. Ирэх 3 жилд өнгөрсөн 30 жилд хийсэнтэй тэмцэнх 30 их наядын хөрөнгө оруулалтыг нийслэлд хийх гэж байна. Тиймээс гар нийлэн хамтран ажиллах баг хэрэгтэй.
Ерөнхий сайдын хувьд би бүх зүйлээр Х.Нямбаатар даргын ард зогсох болно. Нийслэлчүүд, нийслэлийн иргэд надтай хамт Х.Нямбаатар даргыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Харин нийслэлийг буруу тийш нь явуулах гэж байгаа, дахиад авлигын таатай орчин байлгах гэж байгаа бүх хүнтэй би хуулийн аргаар хатуугийн хатуу тэмцэх болно” гэлээ.