Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, ган гачиг, хар салхи Филиппиний өдөр тутмын амьдралын бараг нэг хэсэг болоод байна. Хамгийн сүүлд Яги хар салхины улмаас гол мөрнүүд үерлэж, хөрсний гулгалт үүсэж, 15 хүн амь үрэгдсэн. Энэ нь тавдугаар сараас хойш Филиппинийг дайрсан тав дахь хар салхи юм. Германы Бохумын Рурын их сургуулийн гамшгийн бэлэн байдлын чиглэлээр мэргэшсэн ахлах судлаач Катрин Радтке Филиппин улсыг байгалийн гамшигт "маш өндөр эрсдэлтэй" орон гэж үнэлжээ. Тэрбээр олон улсын энхтайван, зэвсэгт мөргөлдөөний эрх зүйн хүрээлэн болон Германы хөгжлийн есөн байгууллага болох Бунднис Энтвиклунг Хилфтийн холбооноос жил бүр гаргадаг Дэлхийн эрсдэлийн тайланг гаргадаг судалгааны багийн удирдагч юм. Энэ жилийн эрсдэл өндөртэй орнуудын чансааг Филиппин тэргүүлж, Индонез, Энэтхэг, Колумб, Мексик удаалсан байна.
Радтке "Эдгээр улс орнууд олон давтамжтай, хор хохирол ихтэй байгалийн онц гамшигт нэрвэгдээд байна. Нийгэмд байгалийн ийм аюулыг даван туулах боломж хомс үед хохирлын хэмжээ нэмэгддэг. Нөгөө талаас ядуу, жишээлбэл, авлига, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ муу, эсвэл гамшгийн бэлэн байдал хангалтгүй орнуудын амсах хохирол мөн нэмэгддэг" гэжээ."Хятад улс хямрал, сүйрлээс сургамж авч, улмаар улс орны нийт гамшгийн эрсдэлийг бууруулж болохыг харууллаа" гэдгийг Радтке тодотгожээ. Тус улс одоогоор Дэлхийн эрсдэлийн индексээр 22-т бичигдэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 12 байраар хойшилсон үзүүлэлт аж.
Дайн байгалийн гамшгийг улам дордуулдаг
Дэлхийн эрсдэлийн индекс нь зөвхөн байгалийн гамшгийг хамардаг болохоос дайн, мөргөлдөөн зэрэг хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн аюулыг хамруулдаггүй. Мөн ус, хоол хүнс, эрчим хүч, тусламжийн хангамж зэрэг хомс нөөцийн төлөөх тэмцэл хурцдаж, зарим тохиолдолд зөрчилдөөнийг улам дордуулж байна. Улс орнууд байгалийн гамшигт өртөмтгий байдлаа бууруулахыг эрмэлзэж байгаа үед далан, анхааруулах систем, аврах алба зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх сонгодог арга хэмжээг нэмэгдүүлэх нь хангалтгүй юм гэдгийг судлаачид анхааруулж байна. Радтке "Боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь эмзэг байдлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж чадна" гэв.