Санхүүгийн мэдлэг дутмаг байдал болон богино хугацаанд их ашиг олох хүслийн үр дүнд олон иргэн эд хөрөнгө, мөнгөөрөө хохирч байна. Жишээ нь, сүүлийн үед криптовалютын луйвар, сүлжээ, аппликейшний зээлээр дамжуулан мөнгөө өсгөх гэх мэт луйврын олон төрлийн арга хэрэгсэл бий болсон. Технологийн хөгжлөөс хамааран сүүлийн жилүүдэд цахим залилангийн санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Цахим гэмт хэрэг нь орон зай, цаг хугацаа хамаарахгүй аливаа этгээдийн санхүүгийн мэдээллийг цахим халдлагаар авах, эсвэл цахим мөнгө, токен, виртуал хөрөнгө санал болгох замаар тухайн иргэнийг эд хөрөнгөөр хохироодог.
Сүүлийн үед Монголд телеграмм, Тik Тok, We chat, Whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж, эл төрлийн гэмт хэргийн хохирогч болсон олон мянган иргэн цагдаагийн байгууллагад хандсаар.
Хуурамч зээлийн зарууд ихэвчлэн гаднын орнуудаас хуурамч хаягаар, орчуулгын программ эсвэл хиймэл оюун ухаан ашиглан бичсэн найруулга муутай пост, коммент байдлаар ирдэг. Тэд “барьцаагүй зээл, бага хүүтэй зээл" зэрэг хэт амттай санал тавьдаг. Харамсалтай нь, үүнд нь итгэх хүн олонтаа.
Гадаадын "Зээл олгодог" гэх байгууллагаас зээл авахын тулд урьдчилгаа 14 сая төгрөг шилжүүлжээ