“Оюу толгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2021 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин нэг зуун сая мод тарьж ургуулах үүрэг амлалт авсан.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэх үед хийсэн судалгаагаар Монгол Улсад ойн салбарын боловсон хүчин, мэргэжилтэн дутмаг, дотоодын их дээд сургуулиудын ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдэд элсэлт цөөн байгаа гэсэн үр дүн гарсан. “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй “Зуун сая мод” хөтөлбөрийн төлөвлөгөөнд мод тарихаас гадна, ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, суурь баазыг нэмэгдүүлэх чиглэлээр 40 сая модтой тэнцэх хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн.
Тус төлөвлөгөөнд тусгагдсан ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах ажлын хүрээнд 2024 онд 2 сургалт багтсан ба эхний сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 12-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говь цөлийн бүсийн ургамалжуулалт” сэдвээр зохион байгуулсан. Тус сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг нийт дөрвөн аймгийн 160 гаруй мэргэжилтэн оролцлоо.
Ойн салбарын 100 жилийн ой болон Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангийн 10 жилийн ойг тохиолдуулан, тус сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Өмнөговь аймгийн Сум дундын ойн анги, “Оюу толгой” компани нар хамтран зохион байгуулсан юм.
Тус сургалтанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч дарга Ц.Дэнээдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Оюу толгой” компанийн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр нар оролцож, нээж үг хэллээ.
“Эм Грасс” компанийн эрдэмтэд “Говийн бүсийн ургамалжуулалт, ойжуулалтын оновчтой стратеги ба тохиромжтой мод сонгох”, “Агро ойжуулалтын технологийн шийдлүүд, “Говийн бүсийн мод үржүүлгийн газрын хөрс бэлтгэл, бордоо, усалгааны норм тогтоох”, “Байгалийн ургамал, мод, модлог ургамлын үр түүх, цэвэрлэх, хадгалах, тарилтад бэлтгэх” сэдвүүдээр сургалт орсон бөгөөд ӨМӨЗО-ны сайн туршлагыг мөн хуваалцсан юм.
Ойн салбарын мэргэжилтнүүдэд өнөө болон ирээдүй үеийн төлөө Монгол орны ойн санг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, ойн дагалдах баялгаа зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тэдэнд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, сайн туршлагуудыг хуваалцсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
“Оюу толгой” компанийн “Нэг зуун сая мод” хөтөлбөрийн төлөвлөгөөнд:
Монгол орны үндсэн ойн санг бүрдүүлдэг сэрүүн бүсийн ой тархсан Сэлэнгэ, Хэнтий, Төв, Архангай аймгуудын нутаг дэвсгэрт ойжуулалт хийж 42 сая мод тарих;
Монгол орны ойн нөөцийн чухал бүрдэл хэсэг болсон заган ойг нөхөн сэргээх, заган ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх замаар цөлжилтийг сааруулах, шар шороон шуурганы эрчмийг бууруулах зорилгоор 6.5 сая заг болон говийн модлог ургамлаар ойжуулах;
Агро-ойн зурвас, жимсний аж ахуйг байгуулах, томоохон голуудын татмыг ойжуулах замаар урсцыг хамгаалах, нэмэгдүүлэх зорилгоор 3.2 сая мод тарих;
Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох зорилгоор 200 га талбайд ногоон байгууламж байгуулах;
360 га талбайд авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах; хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон 500 га газрыг нөхөн сэргээх, ойжуулах
Ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын их сургуулиудын хооронд багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, ойн мэргэжлээр дотоодын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлах;
Ойн салбарт судалгаа, хөгжүүлэлт хийх; тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд бага, дунд оврын 10 мод үржүүлгийн газар байгуулах;
Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан бага, дунд оврын 10 хүртэлх мод үржүүлгийн газрыг дэмжин тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд орсон байна.