Эрүүл монгол | 6 мин уншина

Ц.Ариунбаяр: Бэлгийн замын өвчин, түрүү булчирхайн үрэвслийг тоохгүй явбал үргүйдэлд хүргэх аюултай

Ц.Ариунбаяр: Бэлгийн замын өвчин, түрүү булчирхайн үрэвслийг тоохгүй явбал үргүйдэлд хүргэх аюултай
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 18
Монголд 10 гэр бүл тутмын нэг үргүйдлийн асуудалтай байна. Дэлхий дахинд зургаан гэр бүл тутмын нэг нь үргүйдэлтэй гэх судалгааг 2023 онд танилцуулж байжээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн үргүйдэл болон түрүү булчирхайн өвчлөлийн талаар “Цэ Пү” эрчүүдийн эмнэлгийн эмч Ц.Ариунбаяртай ярилцлаа.
-Үргүйдлийг тодорхойлох олон тодорхойлолт байдаг. Та илүү энгийн бөгөөд ойлгомжтойгоор үргүйдлийг тайлбарлаж өгнө үү?
-Үргүйдэл бол хосуудын асуудал. Тэрнээс биш ганцхан эмэгтэй эсвэл эрэгтэй хүний асуудал биш. Хосууд жилийн турш жирэмснээс сэргийлэх арга хэрэгсэл огт хэрэглэхгүй, тогтмол бэлгийн харилцаанд ороод хэрвээ жирэмслэхгүй байвал аль алиныг нь шинжлэх ёстой байдаг. Үргүй хос гэж байдаг. Хэрэв 35-аас дээш насны хосууд зургаан сараас дээш хугацаанд жирэмсэн болохгүй бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөдөг. Учир нь, 40-өөс дээш насанд жирэмслэх магадлал багасдаг. Эмнэлгийн тусламж авч байгаад жирэмслэх гэж оролдох хэрэгтэй. Эрэгтэйчүүд дээр үргүйдэлтэй юү гэдгийг мэдэхийн тулд үрийн шингэний шинжилгээ авдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн эр бэлгийн эсээ үйлдвэрлэж чадаж байна уу гэдгийг шинжилдэг. Үрийн шингэний шинжилгээ өгөхөд тухайн хүн 2-5 хоног бэлгийн харилцаанд орохгүйгээр өгнө. Тус шинжилгээгээр хэр олон бэлгийн эс байна. Эр эсийн хөдөлгөөн хэр бол гэсэн ерөнхий тоймыг үздэг.
-Сүүлийн үед үргүйдэл нэмэгдэж байна гэж яригдаад байна. Энэ нь бодит байдал дээр ямар байна вэ?
-Бид юуг үргүйдэл гэж харах вэ гэдэг тодорхойлолтод гол зүйл бий. Эхнэр нь жирэмсэн болохгүй байх юм бол үргүйдэлтэй гэж үзэх юм уу. Эхнэр нь жирэмсэн болоод хоёр, гурван удаа зулбачихдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг үртэй гэж үзэх үү. Үргүй л гэж үзнэ. Учир нь хосуудын гол зорилго бол жирэмсэн болох биш. Харин үр хүүхэдтэй болох юм. Үр хүүхэдтэй болж чадахгүй л байвал тэр нь үргүйдэлтэй гэсэн үг. Түүнийгээ хамгийн гол нь анхнаасаа сайн ойлгодоггүй. Зөвхөн жирэмсэлж чадахгүй байна гээд үргүйдлийн асуудлыг яриад байдаг. Гэтэл манайд хүүхэдтэй болж чадахгүй байгаа олон гэр бүл бий. Тэгэхээр буруу нэр томьёоноос болоод тоо хүртэл өөрчлөгддөг. Эмэгтэйчүүдийн зулбалт, амьгүй төрөлт гээд бүгдийг нь үргүйдэлд хамруулж үзэх хэрэгтэй.
-Эрэгтэйчүүдийн үргүйдэл нийтлэг ямар шалтгаанаас үүдэж бий болж байна вэ?
-Эрэгтэйчүүд зүгээр эхнэртэйгээ бэлгийн харилцаанд ороод, хүүхэдтэй болоод явдаг. Гэвч сүүлдээ эхнэртэйгээ бэлгийн харилцаанд ороод эхнэр нь жирэмсэлдэггүй. Өөрөөр хэлбэл, олдмол асуудал яригдана. Үүний шалтгаан нь нэгдүгээрт үрэвслийн асуудал байдаг. Гэр бүлүүд бэлгийн замын өвчин авчхаад түүнийгээ дутуу эмчлэх асуудал элбэг байдаг. Яагаад гэвэл залуус бэлгийн замын өвчний талаар бүрэн ойлголтгүй. Бэлгийн замын өвчнийг зүгээр нэг эмийн сан руу ороод эм аваад, тариад л эдгэчихдэг гээд буруу ойлгоод байдаг. Тийм амархан зүйл бол биш. Эмнэлгээр явж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгнө. Эдгэрсэн үү гэдэг шинжилгээнүүдийг хийнэ. Хяналт, эмчилгээ гэдэг том асуудал. Түүнийгээ ойлгохгүй явж байгаад дутуу эмчилгээ хийлгэдэг. Бэлгийн замын өвчнөө дутуу эмчилснээс түрүү булчирхай руугаа оруулсан залуус олон байдаг. Гэтэл түрүү булчирхай руу бэлгийн замын өвчин орсныг мэддэг цорын ганц арга нь түрүү булчирхайн массаж хийгээд, шүүрлийг нь гаргаж, шинжилдэг. Тэр шинжилгээг эмнэлгүүд хийж өгдөггүй. Үрийн шингэний шинжилгээ л хийгээд байдаг. Иймд манай улсад оношилгоо нь муу.
Дараагийн асуудал нь эр бэлгийн эсийн чанар муудсан байж болно. Эр бэлгийн эсийн чанарыг хамгийн түрүүнд тамхи муутгадаг. Тамхи эр бэлгийн эсийг удамшлын материал, бүтцийг ч тэр аяар нь гэмтээдэг. Манай улсад архи, тамхидалт ямар болсныг хүмүүс мэдэж байгаа байх. Жишээлбэл, тамхичин аав байлаа. Эхнэртэйгээ бэлгийн харилцаанд ороод, эхнэр нь жирэмсэн боллоо. Гэтэл хүүхэд нь төрөлхийн гажиг, согогтой төрчихлөө. Тэгэхээр тухайн аав чанаргүй, тархи нь гэмтсэн эр бэлгийн эс өгснөөс гажиг, согогтой хүүхэд төрөх магадлалтай. Түүнийгээ бас тооцоолдоггүй.  Аавууд эхнэрийгээ жирэмслүүлж чадсан л бол болсон. Хүүхэд, гажиг, согогтой гарвал өөрсдөд нь хамаагүй гэж боддог. Гэтэл заримдаа тухайн нөхцөл байдал 100 хувь аавын буруу байх үе бий.
quote photo
Тестостерон даавар бол эрэгтэй хүнд маш чухал, шөнийн даавар. Эрэгтэй хүн эрт унтаж байж тестостероноо үйлдвэрлэдэг. Байгалийн жамаараа бол нар жаргахад унтах ёстой. Гэтэл маш олон эрчүүд 20-21 цаг болж байхад ч гэртээ хариагүй байх талтай.  Шөнө унтахгүй, эрт харихгүй байгаа эрчүүдийн тестостерон даавар унана.
Эрчүүдийн эмнэлгийн эмч Ц.Ариунбаяр
-Хотжилтоос шалтгаалсан үргүйдлийн асуудал элбэгшиж байна гэж ярьдаг. Энэ тал дээр мэргэжилтэн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хотын иргэд бол ийм өвчинд өртөх эрсдэлтэй гээд шууд тоймлочихдог. Дэлхий даяар хотын иргэдийг бараг л өвчтэй хүмүүсийн тоонд оруулдаг болчих гээд байна. Хотод амьдардаг хүмүүст хөдөлгөөний дутагдал болон таргалалтын асуудал элбэг байгаа. Таргалалт тестостерон дааврыг унагааж, үргүйдлийн асуудлыг үүсгэдэг. Дараагийн асуудал бол төрөл бүрийн агаар, ус, хөрсний бохирдлууд бас л эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Эдгээр асуудлууд олон өвчний суурь болдог. Суурь эрүүл мэнд муу байхаар хүний суурь үзүүлэлт бүгд мууддаг. Жишээлбэл, тестостерон даавар бол эрэгтэй хүнд маш чухал, шөнийн даавар. Эрэгтэй хүн эрт унтаж байж тестостероноо үйлдвэрлэдэг. Байгалийн жамаараа бол нар жаргахад унтах ёстой. Гэтэл маш олон эрчүүд 20-21 цаг болж байхад ч гэртээ хариагүй байх талтай.  Шөнө унтахгүй, эрт харихгүй байгаа эрчүүдийн тестостерон даавар унана. Тэгэхээр үр тогтоох чадвар, үрийн шингэн илт мууддаг. Мөн төмсөг гэдэг эрхтэн цусан хангамж сайтай байх ёстой. Иймээс эрэгтэйчүүд хөдөлгөөн сайтай байх хэрэгтэй. Түүнчлэн, төмсөг сэрүүн орчинд байх ёстой. Бидний одоо байгаа температур 37 хэм байгаа бол төмсөг гурван хэмээр арай бага орчинд байх ёстой гэж үздэг. Гэтэл нөгөө хүн суугаад байхаар халчихдаг. Машины суудал, ажил дээрээ суухаар суудал нь халдаг. Доороосоо халалт төмсгийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Тэгэхээр дотор нь үйлдвэрлэж байгаа тестостерон болон бэлгийн даавруудыг чанарыг унагаадаг.
-Үргүйдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Дэлхий даяар хүүхэд төлөвлөхөөсөө өмнө эрүүл мэндийн бэлтгэл ажлуудаа хангадаг. Үүнд үрийн шингэний шинжилгээгээр юун түрүүнд эр бэлгийн эсийн тоо чанарыг шинждэг. Түүнчлэн, түрүү булчирхайн шүүрлийг шинжилгээ авч үрэвсэл болон дутуу эмчлэгдсэн нууц бэлгийн замын өвчин байна уу гэдгийг шалгадаг. Дараа нь цусны шинжилгээ хийж тестосетрон даавар болон эрдэс, витамины дутагдлыг үздэг. Эдгээрийг шалгуулаад, шаардлагатай эмчилгээг хийлгээд, тамхи татахгүй байхад асуудалгүй байдаг. Эхнэр ч гэсэн яг иймэрхүү бэлтгэл хангах ёстой.
-Сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн ямар өвчлөл давамгайлж байна. Түүний шалтгаан нь юутай холбоотой байна вэ?
-Харамсалтай нь, манай улсад түрүү булчирхайн үрэвсэл өндөр тохиолдоод байгаа. Шалтгаан нь иргэд өөрсдөө түрүү булчирхайн үрэвслийн талаар ямар ч ойлголтгүй байгаад байна. Яагаад түрүү булчирхай үрэвсдэг юм бэ. Түрүү булчирхайн асуудлыг залуучууд зөвхөн настай хүний өвчин гэж буруу ойлгодог. Түрүү булчирхайн хавдар болон хоргүй томрол нас ахисан үед гарч ирдэг. Түрүү булчирхайн үрэвсэл залуучуудад ихэвчлэн тохиолддог. Харамсалтай нь, түрүү булчирхайг оношилдог эмч нар ховор. Түрүү булчирхайн шүүрлийг үздэггүй. Түүнээс болоод архаг түрүү булчирхайн үрэвсэлтэй залуус олон боллоо. Түрүү булчирхайн үрэвсэл шинж тэмдэг нь мэдэгдэхгүй урт хугацаанд явдаг. Зарим хүн хөлөө эвгүйхэн ачаад, төмсгөө хавчуулсан чинь төмсөг хавдчихлаа гэдэг. Ширээний буланд хальт шүргэсэн, хүүхэдтэй тоглож байгаад хүүхэд нь хальт зохисон чинь төмсөг хавдчихлаа гэх нь ч бий. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд үрэвслийн суурь нян байсан гэсэн үг. Тэр нь сэдрэхээ л хүлээгээд байсан байх нь. Хамгийн гол нь түүнийгээ мэдэхгүй, сүүлд нь гэмтдэг. Яаралтай эмнэлэгт хандахгүй бол төмсөг эмчлэх хэцүү байдаг. Физик эмчилгээ хийгээд төмсгийн үрэвслийг дарж чадахгүй бол найдваргүй болдог. Тухайн төмсгийг авахгүй бол хорт хавдар үүсдэг. Тиймээс бэлэг эрхтнийг нь тайрч авахаас өөр сонголтгүй болдог. Улирал солигдох үед хүний дархлаа унадаг. Иймээс энэ үед архаг, хууч өвчин сэдэрдэг.
-Эмэгтэйчүүдийг зургаан сар тутамд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээрэй гэдэг. Эрэгтэйчүүд ч мөн адил тогтмол хугацаанд шинжилгээ өгөх шаардлагатай байдаг уу?
-Тийм ээ. Зургаан сар тутам түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ өгөх шаардлагатай байдаг. Түүнчлэн, 40-өөс дээш насныхныг жилдээ нэг удаа шинжилгээ өг гэдэг. Оройтохоос өмнө урьдчилсан шинжилгээ өгөөрэй.
-Ярилцсанд баярлалаа.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн