Open iToim app
Эрүүл мэнд | 5 мин уншина

Ж.Болортуяа: Агаарын бохирдлын улмаас астма өвчин ихсэх төлөвтэй байна

Ж.Болортуяа: Агаарын бохирдлын улмаас астма өвчин ихсэх төлөвтэй байна
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 17
НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онд хэрэгжүүлж, үр дүнгээ танилцуулж байв.
Судалгаагаар астма буюу багтраа өвчний судалгааг хийж, агаарын бохирдол астма өвчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалсан байдаг. Сүүлийн арван жилийн дата мэдээлэлд судалж, үр дүн нь агаарын чанарыг сайжруулахгүй бол Монголд 2027 оноос шинээр оношлогдох астма өвчин эрс нэмэгдэнэ гэж гарч байсан юм.
Тэгвэл астма буюу багтраа өвчний талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эрхлэгч, эмч Ж.Болортуяатай ярилцлаа.
-Гуурсан хоолойн багтраа өвчин гэж ямар өвчнийг хэлж байна вэ. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
-Гуурсан хоолойн багтаа буюу астма гэж нэрлэдэг. Астма нь дотоод болон гадаад шалтгааны улмаас амьсгалын замын буюу уушги дахь нарийн гуурсан хоолойг нарийсгаж, үрэвсүүлдэг. Ингэснээрээ ханиалгах, цайвар, хөөсөрхөг цэр гарах, цээж хүндрүүлэх, шуугих, давчдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчин ихэвчлэн харшлаас болж үүсдэг. “Харшлын өвчин” гэж хэлж болно.
-Сүүлийн үед эм тарианаас илүү цацлага хэрэглэх болжээ. Цацлага хэрэглэх хэр үр дүнтэй вэ?
-Сүүлийн үед цацлага маш ихээр гарч ирсэн. Энэ нь астмын удирдамж, стандартад нийцсэн гол эм. Цацлага олон төрөл байдаг ч гармон агуулсан цацлага астмын эмчилгээнд гармон агуулсан цацлага илүү үр дүнтэй байдаг. Монголд эрфлюсал, фостер, пульмикорт, зэрэг гармон агуулсан цацлагууд орж ирсэн. Эдгээр цацлагуудын аль нэгийг эмчийн зааврын дагуу тогтмол хэрэглэж чадвал астма өвчнийг хянаж чадна. Эдгээр цацлагуудыг хяналтын эм гэж нэрлэдэг. Тийм учраас заавал эмчийн зааврын дагуу тогтмол хэрэглэснээр хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үр дүнтэй. Дур мэдэн хэрэглэж огт болохгүй.
Харин салбитамол гэх зэрэг түргэн үйлчилгээтэй цацлага байдаг. Астмын хяналтад үр дүнгүй. Энэ төрлийн цацлагыг зөвхөн түргэн тусламжийн журмаар, багтрал тавиулах зорилгоор түр хугацаанд л хэрэглэнэ. Тэгэхээр энэ эмийг байнга хэрэглэдэг эм биш учраас сальбуматол гэх мэт түргэн үйлчилгээтэй цацлагыг хэрэглэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Түр зуур гуурсан хоолойг өргөсгөдөг учраас байнга хэрэглэх нь аюултай.
Дээр дурдагдсан хяналтын эмүүдийг уушги, дотор, өрхийн эмнэлгийн заавраар тогтмол хэрэглэвэл астмыг хянаж чадна. Мөн дээрх эмүүдийг эрүүл мэндийн даатгалаар хямдралтай үнээр  авч болно.
-Энэ өвчин бүрэн эдгэрдээх боломжтой юу?
-Астма бол архаг өвчин учраас бүрэн эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. Хэрэв нөлөөлж буй харшлын шалтгаанаасаа хол байгаад, хяналтын эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэж чадвал сэдрээхгүй байж болно.
Астмын удирдамж, стандарт гэж байдаг. Түүнд дексаметазон, эфлин гэсэн эмүүд байхгүй. Тийм учраас эдгээр эмүүдээс аль болох татгалзах хэрэгтэй. Өмнө нь цацлага гараагүй байсан учраас эдгээр эмүүдийг хэрэглэж байсан. эдгээр эмүүд гаж нөлөө ихтэй учраас татгалзаж, аль болох цацлагын эмүүдийг хэрэглэхийг зөвлөж байна.
Гаж нөлөө нь, жишээ нь гормоны гаж нөлөөг цацлагын эм бол амьсгалын замд үйлчилж байгаа учраас системийн эрхтэн тогтолцоог хордуулах нөлөө байхгүй. Харин дексаметазон бол сурдсаар тарьдаг учраас эрхтэн тогтолцоонд гаж нөлөө үзүүлдэг. Жишээ нь, яс сийрэгжих. Астмын улмаас дексаметазон эмийг олон жил хэрэглэсэн хүмүүс сууж байгаад босонгуут л нуруу нь хугарах, гармоноос шалтгаалсан таргалалт, хөөнг үүсдэг, мөн түүнчлэн цусан дахь сахар ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй учраас дээрх эмийг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
-Астма өвчин удамшдаг уу?
-Удамших боломжтой. Эцэг эхийн аль нэг нь астмаар өвдсөн бол төрсөн хүүхэд астматай байх магадлал 40-50 хувь байдаг. Эцэг эх хоёулаа астматай байх юм бол хүүхэд 90-100 хувь байдаг. Тийм учраас бид асуумж авахдаа удамшил байгаа эсэхийг заавал асуудаг. Шалтгааны эрсдэлт хүчин зүйлийг гадаад болог дотоод хүчин зүйл гэж хоёр хуваадаг. Дотоод хүчин зүйлд нь сая хэлсэнчлэн гол шалтгаан болох удамшил орно.
Гадаад хүчин зүйлийг дотор нь дахин халдварын болон халдварын бус гэж ангилна. Халдварын хүчин зүйлд нь амьсгалын замын халдварууд, шавж, бясаа, жоом, зөгий гэх мэт. Мөн мөөгөнцөр, гэрийн тоосонцор орно.
Халдварын бус хүчин зүйлд нь хамар дайврын үрэвсэл, сөөргөө зэрэг орно. Мөн ургамал, түүний дотор мод, ургамал, өвс зэрэг орно. Мөн гэрийн тэжээвэр амьтдын гаралтай тоосонцрууд орно. Жишээ нь муур нохой, туулай тэжээдэг айлын хүүхдүүд харшламтгай байдаг.
Хүнсний бүтээгдэхүүн дотор сүү, өндөг, улаан буудай, янз бүрийн амтлагчууд, лаазалсан бүтээгдэхүүн, будагч бодис зэрэг орно. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын бодис зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд ордог.
-Өвчний тархалт хэр байдаг вэ?
-Тархалтын хувьд манай улсад хамгийн сүүлд 2010 онд астмын тархалтын судалгааг хийсэн байдаг. Судалгаанд нийт хүн амын 15.6 хувийн тархалттай гэсэн байдаг. ДЭМБ-ын мэдээлснээр 2019 онд 262 сая хүн астмаар өвдсөн гэх тоо баримт байна.
-Мэдээж астма өвчнийг сэдрээдэг хүчин зүйлүүд байдаг байх. Үүнд юу юу ордог вэ?
-Сэдрээдэг хүчин зүйлд түрүүн дурдсан гадаад болон дотоод хүчин зүйлээс гадна эмийн бодисууд ордог. Ялангуяа пинцлин, асприн зэрэг эмийг хэрэглэх үед астма сэдэрдэг. Мөн астматай хүмүүс биеийн хүчний ажил хийнгүүт өвчин сэдэрдэг. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдал ч нөлөөлдөг. Сэтгэл хөдлөлт, таргалалт, зэрэг нь өвчнийг сэдрээх хүчин зүйлд ордог.
-Энэ өвчнөөс үүдэлтэй нас баралтын тохиолдол хэр их байдаг  вэ?
-Нас баралтын хувь ер нь багатай өвчин. Астма бол тавилан сайтай өвчинд тооцогддог. Хянагдаад явах юм бол насан туршдаа эрүүл хүнтэй адил амьдрах боломжтой. Монгол Улсад астмаас үүдсэн нас баралт бүртгэгдээгүй байна. Энэ өвчин нь дангаараа нас баралтад хүргэх тохиолдол бага байдаг. Уушгины хатгаа, архаг бөглөрөл зэрэг хавсарсан бол нас баралт үүсэх эрдэл бий болно.
ДЭМБ-ын мэдээлснээр 20169 онд 262 сая хүн өвчилснөөс 455 мянган хүн нас барсан гэдгийн ДЭМБ-аас 2019 онд мэдээлсэн. Тэгэхээр нийт өвчлөгсдийн 0.17 хувь нас бардаг гэсэн үг.
-Эмчилгээг хэрхэн хийдэг вэ. Астматай болохгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Астмын үед хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болох харшлаад байгаа зүйлээсээ хол байх. Нэгэнт харшил төрүүлэгч хүчин зүйл удаан хугацаанд үйлчлээд амьсгалын замын дээд хэсгийн урвал чанар ихэссэн үед цацлага эмчилгээг эмчийн хяналт дор, заавраар хэрэглэнэ. Манай эмнэлгийн нийт эмчлүүлэгчдийн 10 орчим хувь нь астматай байна. Манай эмнэлэг 2023 онд хэвтэн эмчлүүлэгсдийн судалгааг хийсэн юм. Тэгэхэд 10 орчим хувь нь астма өвчтэй хүмүүс байна гэх тооцоолол гарч байсан.
-Астмын хяналтыг яаж хийх вэ?
-Гэрийн нөхцөлд пиклометр гэдэг жижиг аппарат байдаг. Тэр аппаратаар амьсгал гаргах дээд хурдаа хэмжих аргаар хяналт хийдэг. Мөн астмын зовуурь шинж тэмдэг буюу ханиалгах, цэр гарах зэрэг зовууриуд өдрийн цагаар илэрч байна уу, шөнийн цагаар илэрч байна уу, мөн астмын улмаас хөдөлгөөн хязгаарлагдаж байгаа эсэхээ анзаараад эмчид хандан хяналт хийлгэх шаардлагатай. Сүүлийн үед агаарын бохирдол болон хүнсний бүтээгдэхүүний төрөл зүйл ихэссэнтэй холбоотой астма ихсэх хандлагатай байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
 
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн