Open iToim app
Улс төр | 5 мин уншина

Хотын дараагийн дарга хэн болох вэ

Хотын дараагийн дарга хэн болох вэ
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 13
Орон нутгийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 11-нд орон даяар болно. Энэ сонгуулиар бид аймаг, дүүрэг, орон нутгаа ирэх дөрвөн жил удирдах хүмүүсийг сонгоно.
Тэгвэл сонгуулийн дараа хотын шинэ даргатай болно гэсэн үг. Одоогийн Засаг дарга Х.Нямбаатар ялалт байгуулж, ирэх дөрвөн жил ажлаа үргэлжлүүлэх үү, шинэ Засаг дарга гарч ирж, шинэ бодлого хэрэгжүүлэх үү гэдэг нь сар хүрэхгүй хугацааны дараа тодорхой болох нь. Одоогийн НИТХ-ын 45 төлөөлөгчийн 33 нь МАН, 8 нь АН, 3 нь ХҮН намын төлөөлөгч бий.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэлд 15 нам, нэг эвсэл оролцож буй. Эдгээр нам, эвслээс олонх болсон нам Засаг даргаа томилох юм. 1992 оноос хойших найман удаагийн орон нутгийн сонгууль болоход нийслэлд ганцхан удаа л Ардчилсан нам ялалт байгуулж, Э.Бат-Үүл дөрвөн жил хотыг удирдаж байсан бол бусад бүх хугацаанд МАН удирдаж байжээ.
Нийслэлийн сонгуульд намаа удирдан орж буй намын дарга нар багаа олонх болгож чадвал хотын дарга болно. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 45 төлөөлөгчийн олонхыг МАН бүрдүүлбэл Х.Нямбаатар ажлаа үргэлжлүүлнэ. АН бүрдүүлбэл нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт хотын дарга, ХҮН нам ялвал Э.Золзаяа хотын дарга болно.
Манай улсын хүн амын тал нь оршин суудаг нийслэлийг удирдана гэдэг амаргүй ажил. Тэр тусмаа 30 гаруй жил хуримтлагдсан ужгирсан олон асуудалтай, утаа түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, агаар, хөрсний бохирдол, хальтаргаа гулгаа, эрчим хүчний дутагдал гээд нийслэлд шийдэх шаардлагатай олон асуудал хүлээж буй. Энэ бүхнийг шийдэж чадах намыг иргэд сонгох учиртай. Тэгвэл энэ удаагийн сонгуульд багаа удирдан орж буй парламентад суудалтай улс төрийн таван намын нийслэлийн намын дарга нарыг танилцуулъя.
Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар
undefined
Х.Нямбаатар нийслэлийн намын хорооны дарга болоод таван сар болж байгаа бөгөөд анх удаа багаа удирдан орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж байна. Намын хорооны өмнөх дарга Д.Сумъяабазар нийслэлийн 45 төлөөлөгчөөс 33 суудал авч ялалт байгуулан, нийслэлийн Засаг дарга болж байв.
Харин Х.Нямбаатар энэ амжилтыг үргэлжлүүлж чадах, эсэх нь удахгүй тодорхой болно. Гэхдээ Х.Нямбаатарт бусдаасаа давуу тал олон бий. Хамгийн наад зах нь тэрээр сүүлийн найман жил сайд дарга хийж, түүнийг танихгүй хүн байхгүй болсон. Мөн тэрээр нийслэлийн Засаг дарга болсноосоо хойш метроны төсөл эхлүүлж, нийтийн тээврийн шинэчлэлийг үргэлжлүүлээд буй. Нийслэл анх удаа дотооддоо бонд босгож замын засвар, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байгаа. Харин ирэх дөрвөн жил энэ ажлаа үргэлжлүүлэх эрхийг сонгогчид түүнд өгөх үү.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт
undefined
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт одоо Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн намын даргын ажлаа авсан. Мөн л анх удаа багаа удирдаж сонгуульд өрсөлдөж байгаа. Гэхдээ тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн ч мандат олдоогүй. Нийслэлийн намыг удидаж байгаа хүн Их хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгдөг нь бас л сонин үйлдэл. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН Шинэ намтай эвсэл болон орж байгаа.
Тэрээр "Манай Ардчилсан намын нийслэлд нэр дэвшүүлсэн баг инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл” баг байгаа. Би өөрөө инженер хүн. Нийслэлийн ИТХ-д найм дахь жилдээ сууж байгаа. Би асуудалд яг тооцоо судалгаатай ханддаг. Энэ саналаа хэлэхээр эрх баригчид бухимддаг. Манай эрдэмтэн судлаачид мөрийн хөтөлбөр дээр ажилласан. Хамгийн гол нь бид хүүхдүүд гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартад нийцсэн хотыг бий болгохоор ажиллаж байна. Тиймээс манайх ч гэсэн ийшээ л явах ёстой" хэмээн ярьсан юм.
Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа
undefined
Э.Золзаяа өмнө нь Нийслэлийн байгаль орчин, уур амьсгалын бодлого, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр Азийн хөгжлийн банкинд төслийн удирдагчаар, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, ИКЛЕЙ олон улсын хотуудын сүлжээний Монгол дахь зөвлөх, НҮБ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт зөвлөхөөр ажиллаж байсан хотын хөгжил, бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн намын даргаар сонгогдсон юм.
Тэрээр "Улаанбаатар хотын хөгжлийг бусад намуудаас онцлог, онолын суурьтай харж, мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Хотын Засаг даргын ажиллаж байгаа арга барилыг харахаар туслах, орлогч нартайгаа гудамжаар яваад байна. Энэ бол маш муу менежмент. Хот өөрийн гэсэн менежмент, стратегитэй байх ёстой. Том зургаараа цаашдаа манай хотод юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгох ёстой. Төвлөрөөд бодох хэрэгтэй. Улаанбаатар хотын замбараагүй тэлсэн байдлыг цэгцлэх, шинээр бүсчлэл тогтоох, урт хугацааны бодлого гаргах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Хоцрогдож байгаагаа ойлгоод технологи, инновацийн талаар ярих хэрэгтэй. Жишээ нь, хогны менежмент. Хогоо тээвэрлэж зөөгөөд түүнийгээ тойроод хэрэлдээд байдаг. Гэтэл хогны менежмент дэлхийд гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн технологи гаргачихсан. Бид нэгдүгээр зэрэглэлийнхийг нь ч авч чадаагүй байна. Өнөөдөр хүүхдүүд ялзарч муудсан хогны хажууд тоглож байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. 30 жилийн дараа хот ямар байх вэ гэдэг менежментээ гаргаж үүнийгээ доод шатны удирдлагууддаа ойлгуулж манлайлахын оронд хотын захиргаанд ажиллаж байгаа 10, 20 мянган төрийн алба хаагч нарын ажлыг хийлгэхгүй нэг, хоёр хүн гудамжинд лайв хийгээд явах юм. Гудамж, бродюр бүр дээр энэ хүн очиж хэрүүл хийгээд байвал том зураглал, инновацаа хэзээ хийх юм бэ. Бидний хувьд менежмент бодлогоо төлөвлөөд ирээдүйгээ харчихсан" гэсэн юм.
Нийслэлийн Иргэний зориг ногоон намын дарга М.Амартунгалаг
undefined
М.Амартунгалаг нь хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй бөгөөд төрийн байгууллага болон хувийн хэвшилд мэргэжлээрээ 16 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн хуульч юм.
Тэрээр “Миний хувьд улс төрд шинэ хүн боловч хотын бодлого, хотын хөгжилд туршилгатай гэж үзэж байгаа. Төрийн захиргааны анхан шатны байгууллагаас эхлээд барилга хот байгууллагын бодлого тодорхойлдог яаманд ажиллаж байсан. Манай баг хуульч, өмгөөлөгч, судлаач, эдийн засагч нарыг нэр дэвшүүлсэн” гэсэн юм.
ИЗНН энэ удаагийн НИТХ-ын сонгуульд зургаан бүлэг 25 заалт 97 зүйлтэй мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байна.
Нийслэлийн Үндэсний эвсэлийн дарга М.Төмөр
undefined
Нийслэлийн "Үндэсний Эвсэл"-ээс НИТХ-д 27 нэр дэвшигч өрсөлдөнө. Нийслэлийн Үндэсний эвсэл "Иргэн баян бол Хот баян" мөрийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд анхан, дунд шатанд засаглалыг сайжруулахын төлөө өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа. Намын даргын хувьд мөн л улстөрд шинэ хүн.
Хотод тулгамдаж байгаа иргэдийн амьдрах орчин, орон сууц, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн, дэлхийн хөгжингүй хотуудын удирдлага, төлөвлөлтийн туршлагыг нийслэл хотод нутагшуулж хотыг судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлэх болно.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн