Парламент | 4 мин уншина

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 13
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн түүхэн ой 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат асан, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Чилхаажавтай ярилцлаа.
-Улсын Бага хурлын гишүүний хувьд танд ямар дурсамж үлдсэн байдаг бол? Тухайн үеийн нөхцөл ямар байв?
-Анхны парламент үүссэн түүх бол ардчилсан хувьсгалын үйл явцтай шууд холбоотой. 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ардчилсан хүчнүүдээс тавьсан шаардлагуудаас нэг гол зүйл нь “Ардын түр хурлыг байгуулж, шинэ Үндсэн хуулиа батлаад тарах” гэсэн шаардлага байсан юм. Гэвч энэ шаардлага хэрэгжилгүй, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр боллоо. Нэг сар гаруйхан хугацааны сонгууль болох гээд байдаг. Өмнөх шигээ хуучин Үндсэн хуулиараа, нэг намын оролцоотой сонгууль болчих шахаад байдаг. Тиймээс 27-ны өдөр улс орон даяар жагсаал цуглаан хийж, өнөөх шаардлагынхаа хариуг эрх баригчдаас шаардав. Тухайн үед би Хөвсгөл аймагт ажиллаж байсан. Мөрөн хотын төв, Л.Даваадоржийн талбайд ч цуглаан болсон. Гэтэл тэр цуглааныг зохион байгуулсан хэргээр манай Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн найман гишүүний дөрвийг нь шүүхийн шийдвэрээр баривчилж, дөрвийг нь 500 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан байдаг. 20-25 хоногийн хугацаатай баривчилсан. Энэ байдлаас үүдэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод бид МоАХ, Монголын Ардчилсан намаас улс төрийн өлсгөлөн зарласан. Бидний шаардлага ч мөн ялгаагүй. Нөгөө агуулгыг хөндөж, Ардын түр хурал байгуулах, Үндсэн хуулиа батлах, АИХ-ын Тэргүүлэгчдийн тухай хуульд 86 дугаар зарлигийг хүчингүй болгохыг шаардаж, өлсгөлөн зарласан. Өлсгөлөн есөн хоног үргэлжилсэн. Тэгтэл тавдугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн АИХ-ын дэргэд дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдлаа. Түүнд АИХ-ыг төлөөлж Б.Чимэд гуай, Сайд нарын Зөвлөлийн Хуулийн хэлтсийн дарга н.Цэрэндорж гуай, Монгол Ардын Хувьсгалт намыг төлөөлж Н.Жанцан, Ардчилсан намыг төлөөлж Э.Бат-Үүл, Социал демократ намыг төлөөлж Р.Гончигдорж, Энэбиш, Үндэсний дэвшлийн намыг төлөөлж Даш.Ганболд нар оролцсон. Нам, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагын үр дүнд протокол гаргасан.
Уг протоколоор хоёр танхимтай парламент байгуулахаар тохиролцсон. Дээд танхим буюу АИХ-ыг нөгөө л мажоритар систем буюу бидний ярьдгаар тойргийн системээр сонгоно. Нэг хүн тойргоос нэг хүн дэвшүүлээд сонгодог тэр зарчмаар явна. Улсын Бага Хурал гээд доод шат, хууль тогтоох байгууллага, байнгын ажиллагаатай парламентыг “Хэчнээн хүн намыг дэмжих вэ?”, “Аль намыг дэмжих вэ? гэсэн шалгуураар санал хураасны үндсэн дээр Улсын Бага Хурлыг байгуулах зарчмыг тохиролцсон юм. Бас нэг чухал тохиролцоо нь тухайн үеийн Үндсэн хуулийн “Төрийн байгуулал” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулахаар тохирсон явдал юм. Тухайлбал хоёр шаттай парламент байгуулах тухай, танхим тус бүрийн чиг үүргийг тодорхой болгож, тохирсон. Ардын Их Хурал нь зохион байгуулалтын хувьд Ерөнхий сайд, Ерөнхий шүүгчийг томилох, Ерөнхий прокурор, Ардын хянан шалгах хорооны дарга гэх мэт төрийн хяналтын дээд байгууллагуудын удирдлагуудыг дээд танхимаас томилдог байх, доод танхим нь хууль тогтоож, бусад албан тушаалтанг томилно гэсэн 10 гаруй асуудлыг тохиролцсон. АИХ-аас хэд хэдэн хууль батлах эрхтэй гэх мэт ажил үүргийн хуваарийг хэлэлцсэн.
Яг энэ тохиролцооны дагуу 1990 оны тавдугаар сарын 10-нд тухайн үеийн АИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан юм. Энэ чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль гэж дээр дурдсан протоколоор тохирсон асуудлыг Үндсэн хуулийн заалт болгож, хууль баталсан түүхтэй. Тухай үед Монгол Ардын Хувьсгалт нам 60 хувь, АН 14 хувь, Социал демократ нам 3 хувь, Үндэсний дэвшлийн нам 3 хувийн суудал авч, 50 гишүүнтэйгээр Улсын Бага Хурал хуралдаж байсан. Тэр цаг үед Хөвсгөлд зарласан өлсгөлөн протокол гарангуут ес дэх хоног дээрээ зогссон юм. Тэгэхээр тэрхүү өлсгөлөнгийн үр дүнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулах буюу Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль батлах хөшүүрэг, түлхэц өгсөн гэж боддог.
Ш.Шагдарсүрэн: “Улсын Бага Хурал байгуулагдсан явдал бол Монголын түүхийн нэг хэсэг төдийгүй өөрөө ч түүхэн үүргээ гүйцэтгэсэн”
Улсын Бага Хурлын гишүүн асан Ш.Шагдарсансүрэн байнгын ажиллагаатай анхны парламентын тухай ийн дурсав.
-Манай оронд 1990 оны эхээр ардчилсан хувьсгал өрнөж, гуравдугаар сарын эхээр жагсаал цуглаан болоод, өлсгөлөн зарлаад Улс төрийн товчоо огцорч, үүний араас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн. Энэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэг намын тогтолцоо үгүй болж, тухайн үеийн намын “Нийгмийг удирдан чиглүүлэх хүч мөн” гэсэн үүрэг халагдсан. Ингээд намуудын хууль ч гарсан. Сонгуулийн хууль гарсан. Тэгээд сонгуульд улс төрийн олон нам оролцож, хамгийн анхны ардчилсан сонгууль болсон гэж үздэг юм. Олон намууд оролцсон.
Гэхдээ тэр үед дээд танхим нь Ардын Их Хурал, доод танхим нь Улсын Бага Хурал байж, хууль тогтоох, хяналт тавих, зохион байгуулах, төрийн эрх барих байнгын ажиллагаатай байгууллагаа байгуулсан. Өнөөдрийн Улсын Их Хурал л гэсэн үг.
Ардын Их Хурал бол жилд нэг удаа хуралддаг. Харин Улсын Бага Хурал нь байнгын ажиллагаатай байв. Монгол Улсын түүхэнд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент байгуулагдсан энэ үйл явдал бол Монголын үе үеийн түүхэнд анхных юм.
1992 онд Үндсэн хууль батлагдаад, Улсын Их Хурлын тухай хуулийг нь баталж өгөөд л бид үйл ажиллагаагаа зогсоож байсан юм. Тэгэхээр манай Улсын Бага Хурал байгуулагдсан явдал бол Монголын түүхийн нэг хэсэг төдийгүй өөрөө ч бас түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Үндсэн хуулийг гурван удаа хэлэлцэж, АИХ-аар оруулж батлуулсан юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн