Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн түүхэн ой 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат асан, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Чилхаажавтай ярилцлаа.-Улсын Бага хурлын гишүүний хувьд танд ямар дурсамж үлдсэн байдаг бол? Тухайн үеийн нөхцөл ямар байв?-Анхны парламент үүссэн түүх бол ардчилсан хувьсгалын үйл явцтай шууд холбоотой. 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ардчилсан хүчнүүдээс тавьсан шаардлагуудаас нэг гол зүйл нь “Ардын түр хурлыг байгуулж, шинэ Үндсэн хуулиа батлаад тарах” гэсэн шаардлага байсан юм. Гэвч энэ шаардлага хэрэгжилгүй, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр боллоо. Нэг сар гаруйхан хугацааны сонгууль болох гээд байдаг. Өмнөх шигээ хуучин Үндсэн хуулиараа, нэг намын оролцоотой сонгууль болчих шахаад байдаг. Тиймээс 27-ны өдөр улс орон даяар жагсаал цуглаан хийж, өнөөх шаардлагынхаа хариуг эрх баригчдаас шаардав. Тухайн үед би Хөвсгөл аймагт ажиллаж байсан. Мөрөн хотын төв, Л.Даваадоржийн талбайд ч цуглаан болсон. Гэтэл тэр цуглааныг зохион байгуулсан хэргээр манай Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн найман гишүүний дөрвийг нь шүүхийн шийдвэрээр баривчилж, дөрвийг нь 500 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан байдаг. 20-25 хоногийн хугацаатай баривчилсан. Энэ байдлаас үүдэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод бид МоАХ, Монголын Ардчилсан намаас улс төрийн өлсгөлөн зарласан. Бидний шаардлага ч мөн ялгаагүй. Нөгөө агуулгыг хөндөж, Ардын түр хурал байгуулах, Үндсэн хуулиа батлах, АИХ-ын Тэргүүлэгчдийн тухай хуульд 86 дугаар зарлигийг хүчингүй болгохыг шаардаж, өлсгөлөн зарласан. Өлсгөлөн есөн хоног үргэлжилсэн. Тэгтэл тавдугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн АИХ-ын дэргэд дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдлаа. Түүнд АИХ-ыг төлөөлж Б.Чимэд гуай, Сайд нарын Зөвлөлийн Хуулийн хэлтсийн дарга н.Цэрэндорж гуай, Монгол Ардын Хувьсгалт намыг төлөөлж Н.Жанцан, Ардчилсан намыг төлөөлж Э.Бат-Үүл, Социал демократ намыг төлөөлж Р.Гончигдорж, Энэбиш, Үндэсний дэвшлийн намыг төлөөлж Даш.Ганболд нар оролцсон. Нам, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагын үр дүнд протокол гаргасан.