Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Хагас жилийн байдлаар 500 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Хагас жилийн байдлаар 500 тэрбум төгрөгийн ипотекийн зээл  олгожээ
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 13
Орон сууцны үнэ өсөхөөс сэргийлж цементийн импортын татвар 20 хувь байсныг 5 хувь болгон бууруулах шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард гаргасан. Гэсэн хэдий ч орон сууцны үнэ тогтмол өссөөр байгаа бөгөөд жилийн өмнөхтэй харьцуулахад 12 орчим хувиар өссөн байна.
Орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь барилгын материалын үнэ. Мөн Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбумаар нэмэгдүүлснээс үүдэн эрэлт, нийлүүлэлт нэмэгдээд байгаа аж.
Ипотекийн зээл олголтыг Монголбанкнаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээл хоёр эх үүсвэртэй болж байна. Эхний эх үүсвэр нь гэдэг нь Монголбанк 80 хувийг, бусад банк 20 хувийг нь олгосноор нийт 700 орчим тэрбумээр ипотекийн зээлийг санхүүжүүлдэг. Үүн дээр хуримтлалын сангаас 500 тэрбумын санхүүжилт олгосноор нийт 1.2 их наяд төгрөг болж байгаа юм. Энэ оны эхний хагасын байдлаар 500 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.
Цемент хомсдолтой, чанарын шаардлага хангахгүй бол барилга баригдахгүй, нийлүүлэлт доголдож эхэлнэ. Үүнийгээ дагаад орон сууцны үнэ өснө. Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос эх үүсвэр талдаа 500 тэрбумаар өсөх үзүүлэлттэй байна. Энэ утгаараа эрэлт нэмэгдэж таарна. Тэгэхээр нийлүүлэлтийн талдаа цементийн импортын татварыг бууруулах зэрэг арга хэмжээ авах нь зөв.
ДНБ-ий задаргаанд барилга байгууламжийн өсөлт маш өндөр хувийг эзэлдэг. Түүний дотор 70-80 хувийг нь орон сууц эзэлдэг. Орон сууцны нийлүүлэлт нэмэгдсээр байгаа. Нөгөө талд эрэлт 40 орчим хувиар өслөө гэсэн үг. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага гарах бодлого гарч байх үед баригдаж байгаа болон баригдах гэж байгаа орон сууцны тоо 20 гаруй мянга байсан. Тийм учраас илүүдэл эрэлт бий болохгүй юм байна гэж ойлгосон. Одоо тэр тоог дахин нягтлах хэрэгтэй. Ипотекийн зээлийн бодлого анх гарахад эрэлт, нийлүүлэлт тэнцэнэ гэж тооцсон ч одоо өөрчлөгдсөн байж магадгүй.
 
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн